Улсын дээд шүүх Х.Баттулгыг намын даргаар бүртгэх эсэхийг шийднэ
2022-05-20 09:37:00
Ардчилсан намын дарга болон тамганы асуудал хоёр жилийн туршид маргаантай хэвээр байна. Өөрөөр хэлбэл, Х.Баттулга, С.Эрдэнэ нарын хэн нь намын дарга вэ гэдэг нь тодорхойгүй. Аль аль тал нь намын дарга болохоор өөрсдийгөө хууль ёсных хэмээн мэдэгдээд байгаа юм.
Улсын дээд шүүхээс С.Эрдэнийн талын АН-ыг албан ёсоор бүртгэснийг мэдэгдэж байсан.
Харин АН даргын сунгаа явуулж, Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нар нэрээ дэвшүүлсэн ч Ж.Батсуурь гишүүн нэрээ татсан. Ингээд Х.Баттулга нийт гишүүдийн 96.3 хувийн саналаар ялж, тавдугаар сарын 7-нд түүнийг батламжлах хурал болж, АН-ын тамга тэмдгийг гардуулсан юм.
Тэгвэл өнөөдөр Улсын дээд шүүх Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг Ардчилсан намын даргаар бүртгэх эсэхийг шийдвэрлэх юм.
Өчигдөр АН-ын зарим гишүүд Улсын дээд шүүхийн гадна жагсаж, Х.Баттулгыг намын даргаар бүртгэхгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэж мэдэгдсэн. Үүнтэй зэрэгцэн С.Эрдэнийн талын АН-аас мэдээлэл хийж, намын нэр барьж, Улсын дээд шүүхэд нөлөөлөхийг оролдож байгаа хууль бус үйлдлийг шалгуулна гэв.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.