ГОВЬСҮМБЭР: 11 залуу багшид 35 сая төгрөгийн орон сууцны түрээсийн дэмжлэг үзүүлжээ
2022-05-20 09:02:00

Боловсрол, Шинжлэх Ухааны Яамны ажлын хэсэг орон нутагт ажиллаж, төсвийн шинэчлэлийн хүрээнд хийгдэж буй ажлуудыг танилцууллаа.
Тухайлбал, БШУЯ-ны төсвийн шинэчлэлийн ажлын хэсэг Говьсүмбэр аймагт өчигдөр ажиллажээ.
Төсвийн шинэчлэлийн хүрээнд багш нарын цалин урамшууллын тогтолцоог хэрхэн бүрдүүлсэн, хувьсах зардлын задаргаа, багш нарын хичээл практикийн зардал, дата хэрэглээний мөнгийг хэрхэн бодож олгох талаар ажлын хэсгийн гишүүд зөвлөж байгаа юм. Ажлын хэсгийн уулзалтад 200 гаруй багш ажилтан хамрагдсан байна.
Тус аймагт залуу багш нарыг тогтвор суурьшилтай ажиллуулах зорилгоор 35 сая төгрөгийн орон сууцны түрээсийн дэмжлэгийг 11 багшид үзүүлжээ. Мөн Сүмбэр сумын ЗДТГ орон нутгийн барилгын компаниудтай хамтран 40 айлын багш, эмч нарын орон сууцны барилгын ажлыг эхлүүлээд байна.
Түүнчлэн “Чадварлаг багш” журам боловсруулан баталж, 2021 онд сурлагын чанарын ахиц, амжилттай 74 багшийг 18 сая төгрөгөөр урамшуулжээ.
Өөр нэгэн онцлох үзүүлэлт нь орон нутгийн бүх сургууль, цэцэрлэгийн ариун цэврийн байгууламжуудыг орчин үеийн стандарт шаардлагад нийцүүлж, ундны усны эхэнд усны шүүлтүүр байрлуулжээ.
Говьсүмбэр аймаг ерөнхий боловсролын таван сургууль, 10 цэцэрлэг, нэг политехник коллежтой. ЕБС-д дөрвөн мянга гаруй сурагч , цэцэрлэгт 1,500 орчим хүүхэд, политехник коллежид 461 оюутан суралцаж байна.
БШУЯ-ны ажлын хэсэг мөн Дорноговь, Баянхонгор аймагт ажиллаж, төсвийн шинэчлэлийн хүрээнд хийгдэх ажлуудыг танилцуулжээ.
Эх сурвалж: БШУЯ
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.