“Багануур” ХК  нийгмийн даатгалд 11 тэрбум төгрөгийн өрөнд ороод байна

2022-05-18 16:55:00

Төрөөс нүүрсний үнийг барьж, өөрийн өртгийн хэмжээнд хүргэхгүй байгаа нь үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагаанд шууд заналхийлж, уурхайчдын цалин хөлс мөн адил нэмэгдэх боломжгүй амьдрал өдрөөс өдөрт доройтож байна хэмээн уурхайн компаниудын төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тухайлбал, "Багануур" ХК-ийн ҮЭХ-ны дарга О.Бат-Ирээдүй тухайн компани ажилчдынхаа нийгмийн даатгалыг төлж чадахгүй, нийгмийн даатгалд 11 тэрбум төгрөгийн өртэй байгаа талаар мэдээлсэн юм.

“Багануур” ХК нь 1100 гаруй ажилчидтай. Төвийн бүсийн эрчим хүчний 60 хувийг дангаараа бэлтгэн нийлүүлдэг.

Тус компани нэг тонн нүүрсийг 33500 төгрөгөөр станцуудад нийлүүлж байна. Энэ нь сүүлийн гурван жилийн хугацаанд нэмэгдээгүй үнэ юм. Өөрөөр хэлбэл, нэг тонн нүүрс тутамд 2300 төгрөгийн алдагдалтай нүүрсээ борлуулж байна.

“Багануур” ХК ажилчдынхаа нийгмийн даатгалын шимтгэлийг нэг жилийн туршид төлөөгүй байна. 11 тэрбум төгрөгийн өртэй байна. ХАОАТ-т 34 тэрбум, бэлтгэн нийлүүлэгч компани болон сэлбэг материал нийлүүлж байгаа компаниудад нийт 27 тэрбум төгрөгийн өртэй байгаа юм.

1100 гаруй уурхайчдын хувьд маш их хохиролтой. Нийгмийн даатгал төлөөгүй учраас ипотекийн зээлд ч хамрагдаж чадахгүй байна гэдгийг "Багануур" ХК-ийн ҮЭХ-ны дарга О.Бат-Ирээдүй хэллээ.

Мөн “Адуунчулуун” ХК өнөөдрийн байдлаар эрчим хүчний нүүрсийг тонн тутамд 12600 төгрөг борлуулж байна. 2014 оноос хойш үнийн хувьд өөрчлөлт огт ороогүйгээс шалтгаалан сүүлийн гурван жилд 2.3 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ.

“Шивээ овоо” ХК-ийн хувьд 1 тонн нүүрсийг 29000 төгрөгөөр борлуулдаг. Ингэснээр тонн тутамд 3361 төгрөгийн алдагдалтай зардаг байна. Үүнээс үүдэн 2021 онд 8.6 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ. Энэ чигээрээ ажиллавал 2022 онд 8.9 тэрбум төгрөгийн алдагдалд хүрэх эрсдэлтэй байна гэлээ.

Тиймээс МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрчим хүчний зохицуулах хороонд шаардлага хүргүүллээ. Хэрэв ямар нэгэн шийдэлд хүрэхгүй бол тэмцлийн хурц хэлбэр шилжинэ гэв.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.