Н. Эрдэнэбилэг: Nude зураг нүцгэлэхдээ биш дотоод гоо сайхныг харуулахдаа оршдог

2022-05-16 15:54:00

Сайхан бүхнийг гэрэл зурагтаа буулгах дуртай хөдөлмөрч залуусын нэг бол гэрэл зурагчин “Pantur Photography” буюу Н.Эрдэнэбилэг билээ. Тэрбээр өөрийн үндсэн мэргэжлээс гадна гэрэл зургийг чадварлаг эзэмшдэг мундаг залуусын төлөөлөл юм. Түүний дарсан зургууд хэдийн олны сэтгэлд хүрч ур чадвараа олонд гайхшруулсан.  Бид энэ удаа залуу гэрэл зурагчин Н.Эрдэнэбилэгтэй ярилцсан ярилцлагыг уншигч танд хүргэж байна.


-МАНАЙ УНШИГЧДАД ӨӨРИЙГӨӨ ТОВЧ ТАНИЛЦУУЛНА УУ?

-Сайн байна уу. Намайг Нямдорж овогтой Эрдэнэбилэг гэдэг. Би Завхан аймгийн Ургамал суманд төрж өссөн. 10 жилээ нийслэлийн Ирээдүй цогцолбор 81 сургуулийг сурч Монголын томоохон сургуулийн нэг ШУТИХ-ын IT инженерээр сурсан. Өнөөдөр мэргэжлийн гэрэл зурагчнаар ажилдаг.

АНХ ГЭРЭЛ ЗУРАГ РУУ ӨӨРИЙГ ЧИНЬ ХЭН ХӨТЛӨН ОРУУЛАВ.  

-Миний хувьд ажлын гараагаа тэс өөр салбарт хүч сорьсон гэж хэлж болно. Нэг үгээр бол график дизайнераар ажилласан. Тухайн үед надтай хамт ажилдаг байсан ах гэрэл зурагчин хийдэг байлаа. Тэр ах надад гэрэл зургийн үндсэн суурь мэдлэг болох хэд хэдэн зүйлийг таниулж өгсөн. Тэр цагаас эхлэн гэрэл зураг дараад өнөөдрийг хүргэж байна. Миний дарсан хамгийн анхны зураг тасалгааны цэцэг. Тэр цэцгийг камерын дуранд буулгаад харсан чинь өмнө нь огт харж байгаагүй шинэлэг мэдрэмжийг надад өгсөн. Өмнө нь бүх зүйлийг энгийн нүдээр харж байсан бол нарийн макро түвшинд очиж харж, үзэж байгаагүй. Энэ нь надад илүү сонирхолтой санагдаж эхэлсэн. Тэгээд л гэрэл зурагт дурласан юм. Нэг мэдэхэд гурван жилийг ардаа үдэж камерын дурандаа олон сайхан хүмүүсийг буулгажээ.

ГЭРЭЛ ЗУРАГЧИН ХҮНД ӨӨРИЙН ГЭСЭН АРГА БАРИЛ, ТЕХНИК ЧУХАЛ УУ?

-Мэдээж, тухайн зурагчныг бүрэн илтгэх ганц зүйл гэж хэлж болно. Мөн зурагчин бүр өөрийн гэсэн арга барил, техник, туршлага болон чиглэлтэй. Миний хувьд Creative /бүтээлч/ зураг дарж түүгээрээ түлхүү ажилдаг. Үүнээс гадна өв соёл, монгол ахуйг камерын дуранд илүү буулгаж ирлээ.

-ГЭРЭЛ ЗУРАГ ЗУРАГЛААЧААС УР ЧАДВАР ШААРДАХ ТОХИОЛДОЛ БИЙ ЮУ?

-Гэрэл зураг бол ур чадвар, мэдрэмж, сэтгэл, цаг хугацаа ихээр шаарддаг зүйл. Зураг өөрөө амьтай. Тухайн зургийг харсан хүн тэр цаг үед очсон юм шиг мэдрэмж авах нь нэн чухал. Миний хувьд аль болох нийтлэг хэвшлийг халах үүднээс гэрэл зурагтаа хүмүүсийн төдийлөн хараад байдаггүй зүйлийг шингээж өгөхийг зорьдог. Өнөө цагт олон нийт бүтээлч, шинэлэг зүйлийг хүлээх хүлээлт өндөр байна. Тэр дундаа ялангуяа мэргэжлийн гэх тодотголтой зурагчдаас хүлээх хүлээлт хэт өндөр.

Миний дарсан “ЭМЭЭГИЙН АВДАР” гэх зураг олны сэтгэл шууд хүрсэн. Тэр зургийн өгүүлэмж нь маш гоё. Хүн бүхний ой дурсамжийг сэдрээж өгсөн учраас олны хайртай зураг болсон байх гэж би боддог. Хүүхэд насны гэгээхэн дурсамж дунд яахын аргагүй эмээгийн авдар байдаг.

Эмээ нар авдраа ухахад хорвоогийн ховор нандин зүйлс тэр дотроос гарч ирдэг шүү дээ. Тэр дурсамж өнөөдрийг хүртэл хөгшин залуу гэлтгүй хүн бүхэнд бий. Энэ зураг бол миний хайртай зургийн нэг. Би өөрөө хүүхэд насаа эмээ өвөөтэйгөө өнгөрүүлсэн болохоор ч тэр үү тэр үеийг их санагдуулдаг.

ЗУРАГ ЭЗНЭЭ МӨНХЛӨХ ҮҮ ЭСВЭЛ ЭЗЭН НЬ ЗУРГАА МӨНХЛӨХ ТОХИОЛДОЛ ЭЛБЭГ БАЙДАГ УУ?

-Намайг хүмүүс түлхүү дарсан зургаар минь мэддэг. Сайн бүтээл эзнээ мөнхлөх тохиолдол их бий. Жишээ дурдаж хэлбэл, Шарав гуайн “Монголын нэг өдөр” гэх алдартай уран зураг байгаа. Зураг ч алдартай, эзэн ч түүхэн хүн болж үлдсэн. Энэ мэтчилэн олон сайхан уран зураг, гэрэл зураг цаг үедүдэд үлдсэн. Чанартай бүтээл хүний сэтгэлд үлддэг бол чанаргүй зураг ой санамжаас арчигддаг.

Сүүлийн үед надаас монголчууд ЭМЭЭГИЙН АВДАР шиг бүтээлч зураг хүсээд байгаа юм шиг мэдрэмж өгсөн.

Энэхүү гэрэл зурагт цаг хугацаа, төсөв тодорхой хэмжээнд зарцуулсан. Тэр болгоныг хүмүүс төдийлөн мэддэггүй. Зүгээр л нэг хэд дараад болчих юм шиг хөнгөн санадаг. Харин гэрэл зургийн багахан ч гэсэн мэдлэгтэй хүмүүс арай өөрөөр хардаг.

-ГЭРЭЛ ЗУРАГ ХЭЗЭЭНЭЭС ИЛҮҮ ИХ ШУНАХ БОЛОВ?

-Одоогоос хоёр жилийн өмнө авто осолд орсон юм. Тэр өдрүүд надад үнэхээр чанга  өдөр хоногууд өнгөрсөн. Осолд орсон өдрийг бодохоор сэтгэл одоо ч хүртэл хөндүүр оргиж байна. Хүн цагаа тулахаар өөрөө л бүх зүйлийг ялан дийлдэг юм билээ. Надтай хамт гэж хэлж байсан хүмүүс хэцүү үед дэргэд байгаагүй. Харин намайг гэх хүмүүс дэргэд үлдсэн. Хэвтэрт байхдаа би өөртөөгөө их ярилцсан гэж хэлж болно.  Шаналж байхдаа хүнд олон юм бодогддог юм билээ. Насаараа хөлгүй,  хөгжлийн бэрхшээлтэй байх юм биш биздээ, би цаашид юу хийх билээ гэх мэтээр олон зүйл толгойд буусан. Гэхдээ удаан бодсоны үр дүнд ганцхан хариулт байсан. Тэр нь гэрэл зураг л байсан.  Миний хамгийн сайн хийж чадах зүйл бол гэрэл зураг дарах байсан. Тийм болохоор би өнөөдөр асуудлыг үл ажран хөдөлмөрлөж байна.

-АМЬТАЙ ЗУРАГ ДАРАХАД НӨЛӨӨЛӨХ ЧУХАЛ ХҮЧИН ЗҮЙЛС ЮУ ЮУ БАЙДАГ ВЭ?

-Тухайн гэрэл зургийн хамгийн чухал аман сүнс нь өгүүлэмж, гэрэл, мэдрэмж, чадвар байдаг. Бид “эмээгийн авдар”, “сээр цохих наадгай” гэх зураг дээр урт хугацаа зарцуулсан. “Эмээгийн авдар”, “сээр цохих наадгай” нь оюуны бүтээл юм. Тийм учраас үүнийг бүтээлч буюу Crеative гэж хэлээд байгаа юм.

МАНАЙ ГЭРЭЛ ЗУРАГЧИД ДЭЛХИЙН АЛЬ ЧИГЛЭЛД АНГИЛАГДАЖ, ХАРЬЯАЛАГДАЖ БАЙНА ВЭ?

-Гэрэл зургийг маш олон ангилж үздэг. Манай гэрэл зурагчид олон төрлөөр дарж эхэлж байна. Монголд өнөөдрийн байдлаар  Creative /бүтээлч/ зураг дарах арга барил өргөн тархаагүй гэж хэлнэ. Нийтлэг зүйл нь гэнэтийн болон санамсаргүй байдлаар дарсан зураг олон харагддаг. Миний хувьд бол бүтээлч зургийг монголд оруулж ирсэн анхны зурагчин гэж хэлэхэд хилсдэхгүй.

ӨӨРИЙН ЧИНЬ ХУВЬД ДАРСАН ЗУРГААРАА ҮЗЭСГЭЛЭН ГАРГАХ БОДОЛ БИЙ ЮУ?

-Энэ ондоо багтааж гэрэл зургийн үзэсгэлэн гаргана. Үзэсгэлэнд нийт 100 гаруй Creative зураг тавигдана. Энэ онд гарах үзэсгэлэнг үзсэн гэрэл зураг сонирхогчид тус үзэсгэлэнгээр дамжуулж Creative төрлийн зургийг илүү сайн мэднэ. Удахгүй гарах үзэсгэлэнд олны хүртээл болчихсон хоёр зураг дэлгэгдэнэ. Тодруулж хэлбэл, ЭМЭЭГИЙН АВДАР”“СЭЭР ЦОХИХ НААДГАЙ” байх юм. Бид мөн энэ удаа шинэ төсөл хөтөлбөр дээр ажиллаж байгаа. Би гэрэл зургийн үзэсгэлэндээ өөрийн өнгийг түлхүү оруулж тоглоно.

ГЭРЭЛ ЗУРАГЧИН Н.ЭРДЭНЭБИЛЭГ БУСАД ЗУРАГЧИДААС ЮУГААРАА ЯЛГААТАЙ ВЭ?

-Миний хувьд энэ цагт буй гэрэл зурагчдаас ялгарах зүйл олон гэж боддог. Үүнийг уулзсан хүн болгон надад хэлдэг. Дурдаж хэлбэл би бүтээлч зураг дардаг. Мөн үндэсний өнгийг зурагтаа тусагдаг. Монголчууд өөрсдийн төрлөх өнгөө хадгалах ёстой. Гэвч өнөөдрийн байдлаар монгол өнгө орхигджээ. Сүүлийн үед гадаадад түгээн дэлгэрсэн нийтлэг өнгийг гэрэл зурагтаа түгээмэл ашиглаж байна. Нэг үгээр бол гоё харагдсан өнгийг зурагтаа тавьдаг.

Харин би өөрийн зурагтаа газар шороо болох шаргал болон улаан туяаг илүү оруулж өгөх дуртай. Энэ өнгөөр бусад мэргэжлийн зурагчнаас ялгардаг.

ӨӨРИЙНХӨӨ ДАРСАН ЗУРАГНААС АВАХ МЭДРЭМЖ ХЭР ӨНДӨР БАЙДАГ ВЭ?

-Миний хувьд камерын дурандаа азжаргал, баяр баясгалан, инээд хөөрийг шингээж өгөхийг хичээдэг. Гуниг, уйтгарт, хар бараан зураг дарахыг хүсдэггүй. Яагаад гэвэл гэрэл зураг өөрөө энергийн бөөгнөрөл гэж хэлж болно. Гунигтай зураг даруулсан хүн тэрхүү зургаа харах бүртээ гунигт мэдрэмж авна. Тийм болохоор аль болох азжаргалтай, гэрэл гэгээтэй зургийг дардаг. Би хүмүүс азжаргал бэлэглэх дуртай.

ГЭРЭЛ ЗУРАГЧИД ӨӨР ХООРОНДОО БҮТЭЭЛЭЭРЭЭ ӨРСӨЛДӨХ ТОХИОЛДОЛ ОЛОН БАЙХ.

-Үүнийг бол дайны талбар гэж хэлж болно. Гэрэл зурагчид өөрийн дарсан зургаараа амьдардаг учраас ширүүн өрсөлдөөнтэй. Ер нь бүх салбар тийм байдаг байх. Арслан хүртэл өөрийн газар нутгаа хамгаалдаг шиг гэрэл зурагчид хүртэл тэгдэг. Нэг талаараа ажлын байраа хадгалж үлдэх арга.

-ЗУРАГ ДАРАХАД ХАРЬЦАЖ АЖИЛЛАХ ХҮН ОЛОН БАЙДАГ. ХАМГИЙН АМАР ОЙЛГОЛЦДОГ ХҮМҮҮС ЯМАР ХҮМҮҮС БАЙДАГ ВЭ?

-Мэдээж мэргэжлийн хүмүүстэй харьцахад илүү амар байдаг. Тэдийг хаанаас дарвал зөв гарахаа мэдчихсэн байдаг. Энэ нь ажлыг үйл явцыг хөнгөлж, чанартай зургийг богино хугацаанд гаргаж авахад нөлөөлдөг. Харин мэргэжлийн бус хүмүүс дээр тодорхой хугацаа зарцуулж байж чанартай зураг гардаг. Энэ зүйлээрээ ялгаатай. Бусдаас бол адилхан хүн шүү дээ.

ГЭРЭЛ ЗУРАГТАА МӨНХӨЛЖ ҮЛДЭЭХ ХЭН НЭГЭН БАЙДАГ УУ. БАЙДАГ БОЛ ТЭР НЬ ХЭН БЭ?

-Зурагчин хүний хувьд гэр бүлийн гишүүдээ түлхүү дарахын хичээдэг. Тэднийгээ гэрэл зурагт сайхан хэвээр хадгалж мөнхлөж үлдээхийг хүсдэг. Гэрэл зураг өөрөө түүх  болон үлддэг. Би аав ээжийнхээ инээсэн баяр хөөртэй байгаа агшиг дурандаа буулгадаг. Зарим хүмүүс олны танил хүмүүсийн гэрэл зургийг дарж мөнхлөх хүсэлтэй байдаг бол би тийм биш.

-ХАМГИЙН ИХ МАГТААЛ СОНСОЖ БАЙСАН ЗУРАГ, АЛЬ ЗУРАГ ВЭ?

-Миний хувьд олон зураг дээр хүмүүсээс магтаал, шүүмжлэл сонсож байсан. Хамгийн сүүлд чадварлаг гэрэл зурагчнаас энэхүү зураг дээр магтаал сонслоо. Дэлхийн зураг МОНГОЛ-д дарагдсан байна гэсэн шүү/инээв/

Ярилцсанд баярлалаа


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.