Ноцтой зам тээврийн ослын улмаас таван хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байна
2022-05-16 09:11:00

Өнгөрсөн амралтын өдрүүд буюу тавдугаар сарын 14, 15-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 577 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 389 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажиллажээ.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 8 хүн гэмтэж бэртсэний 2 нийслэлд, 6 орон нутагт бүртгэгдсэн байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 5 хүний амь нас хохирсон байна.
Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
Нийслэлд:
- Явган зорчигч мөргөх хэлбэрээр 2 осол бүртгэгдэж, 2 хүн гэмтсэн,
Орон нутагт:
- Онхолдох хэлбэрээр 2 осол бүртгэгдэж, 2 хүн гэмтсэн,
- Явган зорчигч мөргөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж, 1 хүний амь хохирсон.
- Мөргөлдөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж, 3 хүн гэмтэж, 4 хүний амь хохирсон.
- Өнхрөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж, 1 хүн гэмтсэн,
Амралтын өдрүүдэд хүүхэд өртсөн 3 осол бүртгэгдэж, 1 хүүхэд гэмтэж, 2 хүүхдийн амь хохирсон байна.
Дээрх осолд өртсөн хүүхдүүдийн 1 явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцсон бол 2 зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцсон байна.
Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэмд 10 хүртэлх насны хүүхдийг бие даан хөдөлгөөнд оролцуулахыг хориглосон байдаг боловч эцэг, эх, асран хамгаалагчийн хариуцлагагүй байдлын улмаас энэ амралтын өдрүүдэд 1 хүүхэд явган зорчигч хэлбэрээр, мөн суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана, хүүхдийн өндөр 140 см-ээс дээш бол суудлын автомашины арын суудалд зорчигчийн хамгаалах бүс зүүлгэн тээвэрлэхээр заасан боловч тээврийн хэрэгслийн бүхээгт хүүхдийг буруу тээвэрлэснээс 1-4 хүртэлх насны 2 хүүхдийн амь хохирсон байна.
Эцэг эхчүүд та бүхэн хүүхдээ тавих хараа хяналтыг сайжруулах 10 хүртэлх насны хүүхдийг бие даан хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг анхааруулж байна.
Явган зорчигч нь 10 хүртэлх насны хүүхэдтэй замын хөдөлгөөнд оролцохдоо өөрөөсөө салгахгүй хөтлөх, тэврэх, үүрэх, хүүхдийн тэргэнд түрэх гэх мэт авч явахаар заасан байдаг тул эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцоно уу.
Хүүхдийг тээврийн хэрэгсэлд авч явахдаа аюулгүй байдлыг ханган, хүүхдийг урд суудалд өвөр дээрээ авч суухгүй байх, арын суудалд зориулалтын суудалд тээвэрлэх, хүүхдийн өндөр 140 см-ээс дээш бол суудлын бүсийг зүүлгэн хүүхдийн аюулгүй байдлыг хангахыг цагдаагийн байгууллагаас та бүхэнд зөвлөж байна.
Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 291 зөрчил бүртгэгдсэний нийслэлд 238, орон нутагт 53 зөрчил тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан.
Архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаа анхааруулж байна.
Орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, хэт их ядарсан хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх, зам орчны байдалд хурдаа тохируулах, өөрийн болон зорчигчийн суудлын бүсийг зүүж, хүүхдийг зориулалтын суудалд суулгаж хэвшихийг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.