Жонни Деппийн нүүр царай болсон Dior-ийн үнэртэн борлуулалтаараа тэргүүлжээ
2022-05-12 13:14:00
Нэрт жүжигчин Жонни Деппийн экс эхнэр Амбер Хердтэй үүсгэсэн гэр бүлийн хүчирхийллийн хэргийн улмаас ихэнх брэнд компаниуд түүнтэй хамтран ажиллах гэрээгээ цуцлан, "Fantastic Beasts" тэргүүтэй киноны дүрээ орхиход хүрсэн билээ. Харин "The Christian Dior" групп Жонни Деппийг "Sauvage" нэрт үнэртнийхээ нүүр царай хэвээр үлдээсэн бөгөөд уг үнэртэн Их Британи болон олон улсын хамгийн том үнэртний онлайн дэлгүүр "The Perfume Shop"-ийн бестселлер үнэртэн болж борлуулалтаараа энэ сард тэргүүлжээ.
Dior-ийн сурталчилгааны албаны мэргэжилтэн "Жонни Деппийг нүүр царай болгосон талаар өнөөг хүртэл 11 хүнээс л гомдол хүлээн авсан. Шүүх хурлын шийдвэр тогтоогдохоос нааш хэн нэгнийг буруутгах нь зохисгүй" гэжээ.
Жонни Депп, Амбер Херд нарын шүүх хурал нийтдээ таван долоо хоног үргэлжлэх бөгөөд тавдугаар сарын 19-нд эцэс болох юм. Жонни Депп нэр хүндийг нь гутаан доромжилсон хэргээр 50 сая ам.долларыг Амбер Хердээс нэхэмжлэн, нэр хүндээ сэргээхийг хүсэж байгаа бол Амбер Херд өөрийг нь гүтгэсэн хэргээр 100 сая ам.долларыг нэхэмжилж буй. Шүүх хурлын үеэр Жонни Деппийн талаас түүнийг гэм буруугүй болохыг батлах хэд хэдэн нотолгоо баримт ил болгосноор олон нийтийн зүгээс ихээхэн дэмжлэг аваад буй. Интернэт хайлт дахь "Sauvage" үнэртний эрэлт 23 хувиар нэмэгдэж, Жонни Деппийн шүтэн бишрэгчид үнэртнийг худалдан авах нь түүнийг дэмжиж буй хэлбэр хэмээн үзэж байна.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.