Өмнөд Солонгосын Засгийн газар BTS хамтлагийн гишүүдийг цэргийн албанаас чөлөөлөх санал гаргажээ
2022-05-05 10:09:00
Өчигдөр буюу Лхагва гарагт Өмнөд Солонгосын Соёл, Спорт, Аялал Жуулчлалын сайд дэлхий дахинд алдаршсан BTS поп хамтлагийн гишүүдийг цэргийн хугацаат албанаас чөлөөлөх саналаа тус улсын парламентад өргөн барьжээ.
Тус улсын бие бялдар, эрүүл мэндийн шаардлага хангасан эрэгтэй хүн бүр тодорхой насандаа хоёр жил орчим хугацаанд цэргийн алба заавал хаах үүрэгтэй байдаг.
Зөвхөн тив, дэлхийн спортын медальтнууд, олон улсад өндөр амжилт гаргасан сонгодог урлагийн уран бүтээлчид цэргийн албанаас чөлөөлөгдөх онцгой эрхтэй байдаг юм.
Харин K-pop салбарын уран бүтээлчдэд ийм онцгой эрх үйлчилдэггүй байгаа.
“Поп соёл урлагийн салбарынхныг энэ ангилалд оруулах цаг нь болсон гэж үзэж байна. Одоогийн систем нь ур чадвар, авьяас билгээрээ улс орныхоо нэр хүндийг өргөж буй хүмүүст улам илүү ихийг хийх боломж олгох зорилготой. Тиймээс поп урлагийнхныг энэхүү системийн гадна үлдээх шалтгаан алга” гэж Соёл, Спорт, Аялал жуулчлалын сайд Хван Хи өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ. Ингэхдээ тэр BTS хамтлагийн нэрийг онцгойлон дурдсан юм. Сайд хуулийн төслийг нь яаралтай баталж өгөхийг парламентын гишүүдэд уриалсан байна.
BTS хамтлагийн хамгийн ахмад гишүүн Жин энэ оны арванхоёрдугаар сард цэргийн наснаас хэтрэх гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл тэр энэ ондоо багтаан цэргийн хугацаат албаа хааж эхлэхгүй бол хууль зөрчсөнд тооцогдоно.
Шинэ хуулийн төсөл Өмнөд Солонгосын парламентад нэлээд ширүүн маргаан өрнүүлэх магадлалтай байна.
Учир нь цэргийн албаа хаасан, хаах гэж буй зарим залуус K-pop оддыг онцгойлон харж үзэхийг эсэргүүцэж байгаа юм.
Эх сурвалж: Yonhap News
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.