Хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж, жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг цахимаар авах боломжтой
2022-05-04 10:33:00
Эмнэлгийн хуудас буюу листийг цахимаар олгож эхэлсэнтэй холбоотойгоор даатгуулагч хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний болон амаржсаны тэтгэмжээ цахимаар авах боломжтой боллоо.
Уг асуудалтай холбоотойгоор тэтгэмж авахад хэрхэн бүртгүүлэх, хичнээн хүн тэтгэмж авдаг талаар ХНХЯ-ны Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батжаргалаас тодрууллаа.
Иргэд эмнэлгийн хуудас буюу листийг авахын тулд олон цагаар оочерлож хүлээх, хүндрэл чирэгдэл ихээр гардаг байсан. Харин нэгдүгээр сарын 17-ноос эхлэн цахимаар авч эхэлсэн байна. Ингэснээр оочер дараалал үүсэх, олон цагаар хүлээх байдал арилж байгаа юм. Мөн урьдчилсан тооцооллоор 1 тэрбум төгрөг хэмнэх боломжтой гэж үзжээ.
Иргэдийн хувьд e-mongolia болон ndaatgal.mn сайт руу нэвтрэн тэтгэмж авах хүсэлтээ гаргаж, дансаа байршуулснаар хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний болон амаржсаны тэтгэмжээ ямар нэгэн чирэгдэлгүй авах боломжтой болж байгаа юм.
Дөрөвдүгээр сарын 25-ны байдлаар 48 мянган цахим эмнэлгийн хуудас бичигдсэн байна. 10 мянга нь жирэмсний болон амаржсаны цахим эмнэлгийн хуудас, 38 мянга нь хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудас байна. Он дуустал 200 орчим мянган эмнэлгийн хуудас цахимаар бичигдэх боломжтой гэлээ.
Төрийн үйлчилгээг цахимаар явуулахад цахим сүлжээ гацах, зарим алслагдсан сумд сүлжээ унах, зарим иргэн интернет ашигладаггүй учраас үйлчилгээ авч чадахгүй зэрэг асуудлууд ихээр гардаг. Тиймээс зарим алслагдсан сумд зарим тохиолдолд цаасан хуудас бичих процессыг хэвээр нь үлдээж байгаа юм байна. Харин интернет байхгүй, гар утасгүй зорилтот бүлгийн иргэд бий. Тэдгээр иргэн хэлтэс дээрээ ирээд хүсэлт гаргаж бүртгүүлснээр тэтгэмжээ авах боломжтой болж байгаа юм.
2021 оны байдлаар хөдөлмөрийн чадвар түр алдсан 180 мянган даатгуулагчид 31 тэрбум төгрөгийн тэтгэмж олгосон байна. 65 мянган эмэгтэй жирэмсний болон амаржсаны тэтгэмж 120 тэрбум төгрөг авчээ. Нийт 310 мянган даатгуулагч 150 тэрбум төгрөгийн тэтгэж авсан байна.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.