Допингийн шинжилгээгээр хоёр бөхөөс хориотой эм бэлдмэлийн жагсаалтад багтсан бодис илэрчээ
2022-05-04 09:14:00
Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллагаас өнгөрсөн гуравдугаар сарын 17, 19-ний өдрийн барилдаануудад шөвгөрсөн 14 бөхөөс допингийн явцын шинжилгээ авсан байна. Дээрх бөхчүүдийн шинжилгээний хариу Олон Улсын Допингийн Эсрэг Байгууллагын итгэмжилсэн БНСУ-ын лабораториос дөрөвдүгээр сарын 25-ны өдөр МҮДЭБ-д ирсэн байна.
МҮДЭБ мөн өдөр Монголын Үндэсний Бөхийн Холбоонд дээрх хариуг хүлээлгэн өгсөн бөгөөд нийт 14 шинжилгээнээс 12 нь сөрөг буюу зөрчилгүй, хоёр шинжилгээнээс хориотой эм бэлдмэлийн жагсаалтад багтсан нэг төрлийн бодис илэрсэн хариу иржээ.
ОУДЭБ-аас гаргасан журмын дагуу хоёр бөхөд хариуг мэдэгдэхэд тэдгээр бөх орон нутагт явсан тул дөрөвдүгээр сарын 27-ны өдөр өөрийн биеэр ирж, шинжилгээний хариугаа хүлээн авсан. Дээрх хоёр бөх нь хориотой эм бэлдмэл хэрэглэсэн шалтгаанаа дурдан, мөн гэм буруугаа хүлээн уучлал хүсэж, ямарваа нэгэн шийтгэл, хариуцлагыг хүлээн авахаа мэдэгдсэн өргөдөл, хүсэлтийг 2022 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр МҮБХ-нд ирүүлснийг Тэргүүлэгчдэд 2022 оны тавдугаар сарын 2-ны өдрийн ээлжит хурлаар танилцууллаа.
Жич: Допингийн шинжилгээний хариуг бөхөд мэдэгдэх, мэдээлэх, хариуцлага тооцох зэрэг асуудлуудыг журмын дагуу шийдвэрлэж байгаа болно.
Эх сурвалж: Монголын Үндэсний Бөхийн Холбоо
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.