ДЭЛХИЙ ДАХИНД: Метроны буудалд гал тавьсан хэрэгт сэжиглэгдэж буй этгээд баривчлагджээ

2022-04-14 15:04:00

АНУ-ын Нью-Йорк хотын цагдаагийн ажилтнууд Бруклин дүүргийн метроны буудалд өглөөний оргил ачааллын үеэр гал нээсэн хэрэгт сэжиглэгдэж буй этгээдийг баривчилжээ.

Өдгөө 62 настай Фрэнк Жеймс утаа гаргагч шидэж, гал нээхээсээ өмнө барилгын ажилчны дуулга, хантааз, хийн маск өмссөн бололтой байгаа аж. Халдлага гарсан даруйд цагдаа нар өргөн хүрээг хамарсан 30 цагийн эрэн сурвалжлах ажиллагаа эхлүүлжээ.

Ийнхүү Ф.Жеймсийг ирсэн нууц мэдээллийн тусламжтайгаар Манхэттен дүүргээс лхагва гаргийн үдэд баривчилсан байна. Нью-Йорк хотын захирагч Эрик Адамс хэвлэлийн бага хурлын үеэр, “Нью-Йоркчуудаа, бид түүнийг баривчилсан” гэж хэлжээ.

Ф.Жеймс нь мягмар гаргийн өглөө Бруклин дүүргийн “36 дугаар гудамж” метроны буудалд 23 хүнийг шархдуулсан, түүний дунд 10 хүн бууны шарх авсан хэргийн гол сэжигтэн гэж эрх баригчид мэдээлсэн юм.

Нью-Йоркийн цагдаагийн комиссар Кичант Сьюэллийн хэлснээр, Ф.Жеймс ямар нэгэн эсэргүүцэл үзүүлэхгүйгээр баривчлагдсан бөгөөд тухайн үед түүнд зугтах газар үлдээгүй гэдгийг тэрбээр онцолжээ.

Ф.Жеймсийг нийтийн тээврийн системд “террорист болон бусад хүч хэрэглэсэн халдлага” үйлдэхийг хориглосон холбооны хуулийг зөрчсөн зэрэг хэд хэдэн зүйл ангиар яллах төлөвтэй байна. Түүний гэм буруутай нь нотлогдвол бүх насаараа хоригдох ял авч магадгүй байна.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.