ЗАРЛИГ: Баяр ёслол, тэмдэглэлт өдрүүдэд +38 градустай архи хэрэглэхгүй байх, архины татвараас эмнэлгүүдэд зарцуулна
2022-04-05 11:33:00
Монгол улсын хувьд архи согтууруулах ундааны хэрэглээ Үндэсний аюулгүй байдлын түвшинд хүрч, архинаас улбаатай гэмт хэрэг, зөрчил, эрүүл мэндийн өвчлөл нэмэгдэж байгаа талаар Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан мэдээлэл хийлээ.
Манай улсад өнөөдөр 21-ээс дээш насны нэг хүнд ногдох согтууруулах ундааны хэрэглээ 55 литр байна. Үүн дотроо спиртийн ногдох хэмжээ 12 литр байгаа юм. Энэ нь ДЭМБ-аас тогтоож байгаа дунджаас 2 дахин өндөр хэмжээ юм. Спиртийн хэмжээ 9 литрээс дээш байвал Үндэсний аюулгүй байдалд аюул учирч байна гэж үздэг байна. Гэвч манай улсын хувьд согтууруулах ундааны хэрэглээ ҮАБ-ын түвшинд хүрсэн учраас архины хэрэглээг бууруулах чиглэлд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх архидалттай тэмцэх зарлиг гаргасан гэв. Түүнчлэн тэрбээр, "Архины зохисгүй хэрэглээг бууруулах хамгийн үр дүнтэй арга бол татварын бодлого. Манай улсад согтууруулах ундааны хэрэглээний дийлэнх хувийг 38-40 градусын архи эзлэх бөгөөд үүнд ногдуулах онцгой албан татвар нь 26 градустай согтууруулах ундаанд ногдох татвартай ижил байна. Энэ хэмжээ жил бүр 200-300 төгрөгөөр нэмэгдэж, одоогоор 26-40 градусын согтууруулах ундаанд ногдуулах онцгой албан татвар нь 6,960 төгрөг. Харин иргэдийн төдийлөн хэрэглэдэггүй 40-өөс дээш градусын согтууруулах ундааны онцгой албан татвар нь үүнээс 2.4 дахин өндөр байгаа. Энэхүү татварын бодлогыг шинэчлэх хэрэгтэй. Өндөр хатуулагтай согтууруулах ундаанд тавих онцгой албан татварыг 15,660 төгрөг болгон нэмэгдүүлэх санал гаргаж байгаа"гэлээ.
Мөн энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар олон нийтэд танилцууллаа. Тодруулбал:
"Нэг. Архи согтууруулах ундааны зохистой хэрэглээг төлөвшүүлэх өндөр хатуулагтай этилийн спирт агуулсан архины хэрэглээг бууруулах чиглэлд бодлогын болон эрх зүйн өөрчлөлт хийх
- Онцгой албан татварын ангилал шатлалд өөрчлөлт оруулах замаар 38 хувийн хатуулагтай этилийн спирт агуулсан архи согтууруулах ундааны хатуулгыг арван жилийн хугацаанд жил бүр ХОЁР хувиар бууруулах бодлого эрх зүйн орчныг бүрдүүлэх
- Архи согтууруулах ундаанд ногдуулах онцгой албан татвараас хавдарын эмнэлэг, донтох өвчнийг эмчлэх төв, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хөгжлийн төвийг байгуулах, соён гэгээрүүлэх чиглэлд зарцуулах
- Төрийн байгууллага, хуулийн этгээдээс зохион байгуулж буй албан ёсны баяр ёслол, хүлээн авалтад өндөр хатуулагтай спирт агуулсан архи согтууруулах ундааг хэрэглэхийг бүрмөсөн хориглох
- Халамжаас хөдөлмөрт шилжих суурь шинэтгэлийн хүрээнд ажлын байрыг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар архи согтууруулах ундааны хэрэглээг бууруулах
Хоёр. Нийт аж ахуй нэгж байгууллага архи согтууруулах ундааны хэрэглээ түүнээс үүдэлтэй нийгэм эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулахад санаачлагатай оролцох. Баяр ёслол, тэмдэглэлт өдрүүдэд өндөр хатуулагтай архи согтууруулах ундааг хэрэглэхгүй байхыг уриалсугай.
Гурав. Энэхүү зарлигийн хэрэгжилтийг цаг тухай бүрт нь мэдээлж тайлан мэдээллийг Монгол Улсын Ерөнхийлөгчид жил бүр ирүүлж байхыг Монгол Улсын Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэд зарлиг болгосугай" гэжээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.