Засгийн газар эдийн засгийг тогтворжуулах саналыг боловсруулан УИХ-д хүргүүлнэ

2022-03-28 16:32:00

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, хоёр асуудал хэлэлцэж, шийдвэрлэлээ. Хурлын шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Ажлын албаны дарга С.Далхаасүрэн нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэхдээ:
Нэгдүгээрт, Сүүлийн хоёр жил үргэлжилсэн ковидын араас Орос, Украйны дайны нөхцөл байдал нь Монгол Улсын эдийн засагт тодорхой хэмжээний сөрөг нөлөө үзүүлж байна. Энэ асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бүлгийн гишүүдэд дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, нэлээн дэлгэрэнгүй ярилцсанаар тодорхой шийдвэрийг гаргасан. Сүүлийн үед олон улсын хурцадмал байдал нь эдийн засагт хүндрэл үүсгэж байна. Үүнийг богино хугацаанд даван туулахад УИХ-аас тодорхой санаачилга гаргаж, шийдвэрлэх шаардлагатай гэдэгт бүлгийн гишүүд санал нэгдлээ. Тухайлбал, Монгол Улсын хувьд экспорт, импорт хязгаарлагдмал хүрээнд байна. ОХУ, Украины дайнтай холбоотойгоор дэлхий нийтэд шатахууны үнэ өсөж байна. Ер нь олон улсын хэмжээнд эдийн засгийн нөхцөл байдал богино хугацаанд хурдацтайгаар өөрчлөгдсөөр байгаа юм. Эдгээр нөхцөл байдалтай холбоотойгоор Монгол Улсад үнийн хөөрөгдөл, ам.долларын ханш, шатахууны үнэ болон төлбөрийн асуудлууд үүссээр байна. Олон улсын эдийн засгийн судлаачид энэ нөхцөл байдал цаашид удаан хугацаанд үргэлжлэх болов уу гэж дүгнэж байна. Тиймээс нэг удаа арга хэмжээ авч, шуураад өнгөрөх асуудал биш, тодорхой хөтөлбөр чиглэл гаргах ёстой гэсэн дүгнэлтийг хийлээ.
Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газраас ойрын хугацаанд тодорхой саналуудыг бэлтгэж боловсруулаад , УИХ-д хүргүүлэхээр боллоо.
Хоёрдугаарт, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нарын санаачилж, өргөн барьсан Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар хэлэлцлээ. Энэ нь орон сууцны газрыг оршин суугчдад эзэмшүүлэх тухай төсөл юм. Төслийг өнгөрсөн намрыг чуулганаар хэлэлцэх явцад гишүүдийн байр суурь өөр байсан тул нэгтгэх үүднээс МАН-ын бүлэг завсарлага аваад байсан юм. Бүлгийн хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэж, дэмжих нь зөв гэдэгт гишүүд санал нэгдлээ гэв.

Занги нийтлэл


Хэн юу хэлэв


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.