Говь-Алтайн Засаг дарга О.Амгаланбаатар согтуугаар автомашин жолоодож, ноцтой осол гаргажээ

2022-03-25 14:34:00

Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар согтуугаар албаны автомашин жолоодож яваад зам тээврийн ноцтой осол гаргаж, уг хэргээ нуун даржээ.

Тодруулбал, энэ сарын 20-ны өдөр тэрбээр Бигэр суманд очиж, архидсан ба согтуурсан үедээ сумын иргэнд агсам тавьж байгаад аймаг руу хөдөлжээ. Тэрбээр албаны 0001 ГАА улсын дугаартай Тоёота ланд 200 маркын автомашинаа жолоодож явжээ. 

Засаг дарга О.Амгаланбаатар аймаг орох замдаа Цогт сумаас хүн тээвэрлэж явсан Я жолоочтой 0572 ГАО улсын дугаартай саарал өнгийн истана автомашины араас мөргөж, осол гаргажээ. Ослын улмаас өөрийнх нь жолоодож явсан, албаны 0001 ГАА улсын дугаартай Тоёота ланд 200 маркын автомашин онхолдож, хажуугаараа унажээ.

Харин истана машин эвдэрсэн ба азаар хүний амь нас эрсдээгүй байна.

Гэтэл Засаг дарга О.Амгаланбаатар ослын талаар цагдаагийн байгууллагад дуудлага өгөөгүй бөгөөд аймгаас Ардын дуу бүжгийн Алтай чуулгын дарга н.Отгонбаатарыг дуудаж, н.Отгонбаатар нь фургон машинтай ирж, истанагаар зорчиж байсан иргэдийг аймгийн төвд хүргэж өгчээ.

Өнөөдрийн байдлаар истана машин аймгийн төвд засварт орсон байгаа бол Засаг даргын 0001 ГАА улсын дугаартай Тоёота ланд 200 маркын автомашиныг Улаанбаатарт авчран засварт оруулаад байгаа аж.

Уг ослын талаар мэдээлэл задруулахгүй байхыг аман байдлаар үүрэгдсэн ч аймаг даяар яригдаж байна. Гэвч аймгийн Цагдаагийн газар нүдэн балай, чихэн дүлий суусаар байгаа нь харамсалтай.

Нөгөө талаас аймгийн Засаг дарга хүн согтуугаар албаны автомашин жолоодож, зам тээврийн ноцтой осол гаргасанд Засгийн газар ямар хариуцлага тооцох нь иргэдэд сонин байна.

ЭХ СУРВАЛЖ: TSAKHIUR.MN


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.