Олимпын гүүрний хажууд явган хүний зам барих боломжгүй тул зэрэгцүүлж барина

2022-03-25 12:55:00

Яармагт байрлах НЗДТГ-ын шинэ байранд “Хот, хөдөөгийн сэргэлт” хэлэлцүүлэг болж байна. Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын авто замын түгжрэлийг бууруулах болон зам, тээврийн асуудал хариуцсан орлогч Б.Одсүрэн нийслэлийн авто замын түгжрэл бол хот байгуулалтын, зам тээврийн, хууль эрх зүйн, боловсролын гэхчлэн салбар дамнасан асуудал учир цогцоор нь төлөвлөгөө боловсруулж шийдэх ёстой гэж мэдээллээ.

 Тэрбээр, "2030 онд хотын хүн ам хоёр сая давна, 2050 онд гурван сая гаруй хүн амтай болно. Тэгэхээр цаг алдалгүйгээр оновчтой төлөвлөлт гаргаж, ажилдаа орох хэрэгтэй байна. Манай хотын хүн ам гурав дахин өсчихсөн байхад гол гудамж зам огт нэмэгдээгүй, баруунаас зүүн тийш чиглэсэн ганцхан гол замтай. Өдөрт 700 мянган машин тэр замаар зорчиж байна. Тиймээс нийтийн тээврийн сүлжээг нэмэгдүүлэх нь эхний зорилт.  Мөн хотыг голоор нь хувааж байгаа Туул, Сэлбэ гол, төмөр зам дээр стандартын дагуу 1-2 км-ийн зайтай нүхэн болон гүүрэн гарцтай болгож, нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх шаардлага тулгарч байгаа" гэв.

Түүнчлэн боловсролын чанар, хүртээмжтэй холбоотойгоор замын түгжрэл 23 хувиар нэмэгдэж байдаг. Хамран сургах тойрогтоо хүүхдээ сургадаг болох асуудал эндээс үүсэж байгаа.  Нийтийн тээврийн парк шинэчлэл 2009 оноос хойш хийгдээгүй. Автобус байлаа ч хотын гол төв замууд автобусаар хүнээ тээвэрлэх боломжгүй болтлоо ачаалалтай болсон. Тийм учраас хотын дөрвөн захаас цагийн хуваарийн дагуу хотын төв рүүгээ орж ирдэг хөнгөн галт тэрэгний төслийг нэвтрүүлж байна. Мөн хөдөө, орон нутгаас орж ирж буй цэгүүдэд багтаамж ихтэй 30 мянган тээврийн хэрэгслийн зогсоол бүхий терминал байгуулна. Тэнд задгай зах, худалдааг байршуулахаар ажиллаж эхэлсэн. Зогсоол, замын хөдөлгөөний дүрэм, жолооч нарын соёлтой холбоотой зөөлөн бодлогыг ч боловсруулж байгаа гэлээ.

 Улаанбаатар хотод энэ жил 22 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэх юм байна. Гуравдугаар хорооллын замыг Толгойтын замтай холбож, хот хойд хэсэгтээ гол замтай болно. Зайсангийн гүүрний өргөтгөл хийнэ, Улиастайн голд гүүр тавина. Төмөр зам дээр дөрвөн нүхэн гарц гаргана. Гермесээс урагш давсан гүүр тавьж, ТЭЦ-4-ийн замтай холбон уг замыг өргөтгөж, босоо чиглэлд холбосноор Улаанбаатар хотын авто замын сүлжээ хоёр дахин нэмэгдэнэ. Эдгээр ажлуудыг 3-5 жилийн хугацаанд хийж дуусгана гэж хэллээ.

Мөн Олимпын гүүрний явган хүний замыг зургадугаар сарын 30-нд дуусгана гэв. Олимпын гүүрний хажууд явган хүний зам барих боломжгүй. Учир нь цэцгэн хэлбэртэй гүүр. Иймд явган хүний замыг тусад нь, зэрэгцүүлээд барих юм байна.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.