Г.Ганбаатар: Боловсролын сайд П.Наранбаяр багш нарын цалингийн нэмэгдлээр залилан хийж байна 

2026-02-05 20:27:00

УИХ-ын Г.Ганбаатар тойрогтоо ажиллаад иржээ. Тойрогтоо ажиллах үеэр орон нутгийн багш нар цалингийн нэмэгдэл бодит биш байна гэдэг асуудлыг ярьсан гэлээ. Түүнээс энэ талаар тодрууллаа 

Орон нутгаас сонгогдсон гишүүний хувьд орон нутгийн сонгогчидтойгоо уулзаад ирсэн гэж сонслоо. Орон нутагт багш нарын нийгмийн асуудал ямар байна. Цалингийн нэмэгдэл яг бодит байж чадаж байна уу? 

Чуулган завсарласан энэ өдрүүдэд их хурлаас гарсан бодлого хууль тогтоомжийг сурталчлах ажлын хүрээнд Өмнөговь аймгийн 13 сум Мандалговь хот, Сайншанд хотод ажиллаад ирлээ. Ерөнхийдөө 3000 гаруй километр явж 4000 гаруй сонгогчидтой уулзаад ирлээ. Таны асууснаар багш нарын нийгмийн асуудалд орон нутагт ч маш чухал асуудал болж байна. 2026 оны нэгдүгээр сараас 50 хувь 11- сараас 25 хувиар нэмээд үндсэндээ хамгийн багадаа 2.8  сая хүргэнэ гэсэн. Гэтэл багш нар сая нэгдүгээр сарын цалиндаа маш их сэтгэл дундуур байна. Яг одоо миний ширээн дээр миний сонгогдсон тойрог Говь-Сүмбэр аймгийн тавдугаар сургуулийн багш ажилчдаас ирсэн захиа байна. 

Энэ захиа дээр нэг онцлох зүйл байгаа нь  боловсролын салбарт 34 жил ажилласан багш өмнө цалин нэмэгдээгүй байхад гар дээрээ 2,6 сая авдаг байсан. Гэтэл цалин 50 хувиар нэмэгдчихээд байхад сая нэгдүгээр сард 2 сая 700 мянган төгрөг авсан тухайгаа бичсэн байгаа юм. 742 мянган төгрөг нэмэгдэнэ гэж байсан цалин бодит байдал дээр 30-аас дээш ажилласан багш нарт бол 170 мянган төгрөгөөр л нэмэгдсэн байна.

Гэтэл багш нарын цалин 50 хувь нэмэгдсэн сургаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн нь бидэнд хүндээр тусаж байна гэж байгаа юм. Бодит байдал ердөө л энэ. Гэтэл бид багш нарын цалинг нэмэх эх үүсвэр дээр их хурлаас 518 тэрбум 620 сая төгрөгийг баталж өгсөн. Энэ бол багш нарын цалинг 742 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх эх үүсвэр нь байхгүй юу.  Бодит байдал дээр багш нарын цалин тэгж нэмэгдээгүй юм бол энэ мөнгө хаачив гэж асуудал яригдана. 

Төсвөөс батлаад өгсөн нэмэгдлийг олгохгүй байгаа нь хаана гацсан асуудал гэж таны хувьд харж байна? 

Ерөөсөө ганц багш нарын цалингийн нэмэгдэл эзэндээ хүрэхгүй байгаа биш гэдгийг би хоёрдугаар эмнэлгийн эмч ажилчидтай уулзаад мэдлээ. Тухайн эмнэлгийн нэгдүгээр сарын цалин бол төсвөөс баталсан 15 хувийн нэмэгдэлтэй орсон байна. Харин саяхан эмнэлгийн дарга хурал зарлаад хоёрдугаар сараас 15 хувийн нэмэгдэл өгөхгүй гэсэн байна. Яагаад гээд асуутал хоёрдугаар эмнэлгийн батлагдсан ажилчдын орон тоо 576 байхад нэмэлтээр 84 хүний орон тоо илүү байгаа юм байна. Тэгээд энэ илүү хүнийхээ цалинг тавихын тулд төсвөөс баталсан цалингийн нэмэгдлийг өгөхгүй гэж байгууллагын дарга дур мэдэж шийдвэрлэсэн байна.

Энэ бол ганц эмнэлгийн асуудал биш нийтлэгээрээ эрүүл мэнд, боловсролын салбарын дарга удирдлагууд ингэж дур зоргоороо авирладаг асуудал газар авсан байна. Боловсролыг  салбарт гүйцэтгэлийн санхүүжилт гээд зүйлийг дарга өөрөө үзэмжээрээ хасаад тэгж хэмнэсэн төсвөөрөө өөрийн хамаарал бүхий хүмүүсийг авч илүү орон тоо үүсгээд байна. Тэгэхээр нөгөө бидний батлаад өгсөн цалингийн нэмэгдэл зорилтот бүлэгтээ очихгүй байна.  Тэгэхээр УИХ-ын нэг гол үүрэг бол гаргасан шийдвэртээ хяналт тавьж ажиллах ёстой. Одоо энэ хяналтын системээ маш сайн сайжруулах ёстой юм байна гэж бодлоо. 

Мөн төсвийн байнгын хорооны гишүүний хувьд Монгол улсын ерөнхий сайдад энэ чиглэлээр асуулга бэлдэх гэж байна. Аль сургууль цэцэрлэг, эмнэлэгт орон тооны бус ажилчид  хэд байна түүнийг олж тогтоох хэрэгтэй байна.  Төсвөөс гаргаад өгсөн шийдвэр бодит байдал хоёрын зааг маш их зөрүүтэй байна. 

Боловсролын сайдаас багш нарт тулгарч байгаа энэ асуудлыг асуухаар багш нар ойлгохгүй байна гэдэг хариулт өгч байгаа.  Үнэхээр багш нар ойлгохгүй байна уу сайд нь өөрөө салбараа мэдрэхгүй байна уу? 

Багш нар ойлгохгүй байна гэж байхгүй шүү дээ. Миний харж байгаагаар боловсролын сайд нэгдүгээрт, ажлаа ойлгохгүй байна. Хоёрдугаарт, бага зэргийн залилан маягийн зүйл хийгээд байна. Боловсролын салбарт орон тоо хэтэрсэн асуудал  байгаа бол тэрийг хүлээн зөвшөөрөөд түүндээ менежмент хийгээд алдаа байвал засаад явах хэрэгтэй. Цалин 50 хувиар нэмэгдэнэ гэсэн бол 2 сая төгрөг авдаг байсан багш 3 сая төгрөг авдаг болохыг л цалин 50 хувь нэмэгдлээ гэж ярина биз дээ. Гэтэл  нэг еэвэнгийн тал шиг үндсэн цалин, нэрлэсэн цалин гэх хачин юм яриад байх юм. Ерөөсөө л багшийн цалин 742 мянгаар нэмэгдэнэ гэсэн шийдвэр гарсан л бол нэмэгдэх л ёстой. Сайд өөрөө салбараа ойлгохгүй байна. 


 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2026 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.