Төр захиргааны зарим байгууллагыг Хөшигийн хөндий рүү үе шаттайгаар нүүлгэнэ
2022-03-09 16:33:00
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Өнөөдрийн хуралдаанаар Хөшигийн хөндий дэх бүтээн байгуулалттай холбоотойгоор төрийн захиргааны байгууллагуудын талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг баталжээ.
Уг асуудалтай холбоотойгоор Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар мэдээлэл хийлээ.
Тэрбээр, " Сүүлийн 30 жилд цогц, том хэмжээний хот төлөвлөлтийн ажил хийгээгүй. Өнгөрсөн хугацаанд бид Хөшигийн хөндийд байр зүйн зураг буюу уул, жалгыг судлах, газар хагалбарын мужийг тогтоох буюу 8 балл гэдгийг тогтоосноор баригдах барилга байшингуудын даац, усны нөөц зэргийг тооцоолсноор 150 мянган хүн амьдрах хот төлөвлөлтийг хийж байна. Засгийн газраас өнөөдөр төрийн захиргааны зарим байгууллагыг үе шаттайгаар шилжүүлэх улс төрийн шийдвэр гаргасан. Энэ талаар судалж, саналаа гаргана. Дэд бүтэц, хүмүүс амьдрах орчин, ажлын байр зэрэг байснаар таталцал бий болдог. Энэ ажил нь өнөөдөр маргаашдаа биш, үе шаттайгаар хийгдэнэ. Жишээлбэл, Сөүл хот төвлөрлөө сааруулахын тулд Сэжун хотод төр захиргааны байгууллагуудаа шилжүүлэх ажлыг 20 жил хийж байгаа" гэв.
Ерөнхий төлөвлөлтийг ойрын хугацаанд Засгийн газраар батлуулах юм байна. Ингэснээр хэсэгчилсэн төлөвлөлтүүд, хөрөнгийн тооцоолол гарах юм. 2008 оноос эхлэн улсын тусгай хэрэгцээнд нисэх буудлыг тойрсон 12 мянган га газар авчээ. Мөн өнгөрсөн жил нэмж 19 га газар авснаар Хөшигийн хөндийд нийт 31 га газрыг улсын хэрэгцээнд авсан байна. 19 мянган га газар хотоо төлөвлөж, замуудыг тавих боломжуудыг бий болгоно. Хөшигийн хөндийд төлөвлөлттэй уялдуулж, газар олгох чиглэл өгсөн гэж БХБ-ын сайд мэдээллээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.