АН-ын зүгээс Ерөнхий сайд Г.Занданшатарт сайд болон яамдын тоог бууруулах шаардлага хүргүүллээ
2025-06-16 19:52:00

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн /2025.06.16/ ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Б.Жаргалан: Ардчилсан нам бол хүний эрх, эрх чөлөөг хангах, эдийн засгийн эрх чөлөөг баталгаажуулах хүрээнд тодорхой бодлого шийдвэр гаргаж, ажиллаж ирсэн.
Ерөнхий сайдаар томилогдсон Г.Занданшатар Баасан гаригт Засгийн газрын бүтцээ оруулж ирнэ, Даваа гаригаас төсвийн тодотголыг оруулж ирнэ гэж Пүрэв гаригийн нэгдсэн чуулганд мэдээлэл өгсөн ч одоогоор МАН-ын бүлэг хуралдаагүй, Засгийн газрын шинэ бүтцээ өргөн мэдүүлээгүй байна.
Монгол Улсад тулгамдсан маш олон асуудал байн. Эрчим хүчний асуудал зэрэг нь хямралын нөхцөл рүү явж байна. Цаг алдалгүй Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнээ УИХ-д өргөн мэдүүлж, бодлогын асуудал дээр яаралтай шийдвэрээ гаргаж ажиллах шаардлага байна. Тийм учраас Ардчилсан намын бүлгээс Ерөнхий сайдад тодорхой шаардлага хүргүүлэхээр боллоо.
Нэгдүгээрт, Монгол Удсын хувьд авлига засаглалын тулгамдсан асуудал болсон. Бүх асуудлын үндэс суурь болж байна. Авлигын эх үндэс болж байгаа зүйл нь эдийн засаг дахь төрийн оролцоо хэт өндөр байгаа явдал байна.
- Шинэ Засгийн газрыг байгуулахдаа яам болон сайд нарыг тоог 50 хувиар бууруулах, төрийн захиргааны болон тусгай албан хаагчдын тоог 20 хувиар бууруулах, төрийн албаны мэргэшсэн тогтвортой байх нөхцлийг хангаж, ашиг сонирхлын зөрчлийг таслан зогсоох.
- Төрийн өмчит аж ахуй нэгжийг олон нийтийн нээлттэй хувьцаат компани болгох, орон тоог хоёр дахин буруулж, үр өгөөж бүтээмжийг эрс нэмэгдүүлэх.
- Төрийн хэмнэлтийг хэрэгжүүлэх замаар төрийн хүнд суртал, хяналт шалгалт татварын дарамтаас бизнес эрхлэгчдээ чөлөөлж, хувийн өмч болон хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах. Хувийн хэвшилд ногдох татварын дарамтыг 20 хувиар бууруулах.
- 2025 онд 20 мянган ажлын байр шинээр бий болгох.
- 2025 оны улсын нэгдсэн төсвийг тодотгож улсын урсгал зардлыг 20 хувиар танах, төсвийн худалдан авалт, хөрөнгө оруулалтын бодлогоо үндэсний аж ахуй нэгжийг дэмжих буюу тендерийг зөвхөн үндэсний компаниудын дунд зарлах.
- Мега төслүүдийг эдийн засгийн үр өгөөжийн хувьд эрэмбэлэн үр өгөөжгүй төслүүдийг хасах.
- Эрчим хүчний хямрал бодитоор нүүрлээд байна. ДЦС-3-т гарсан ослоос болж 2025-2026 оны өвөл цахилгаан, дулаан хангамж дутагдах эрсдлээс урьдчилан сэргийлж, салбарын реформыг бодитоор хэрэгжүүлэх замаар эрчим хүчний хараат байдлыг бүрэн халах зэрэг бодлогыг УИХ-д оруулж ирэх шаардлагыг бүлгээр хэлэлцлээ гэлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.