Баттулгын балаг дуусахгүй!

2025-06-05 17:12:00

Одоогийн УИХ-ын гишүүн Х.Баттулга 2020 онд Ерөнхийлөгч байх үедээ шинэ жилийн үеэр ахмадуудын тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэж попорч билээ.  Ингэхдээ тухайн үед Салхитын мөнгөний ордын ирээдүйд олох орлогыг барьцаалж, Хөгжлийн банкаар 500 орчим тэрбум төгрөгийн баталгаа гаргуулж  тэтгэврийн зээлийг тэглэх замаар бонд босгосон байдаг.  Ингээд ахмад  настнуудын зургаа хүртэлх сая төгрөгийн тэтгэврийн зээлийг тэглэхэд 736 тэрбум төгрөг зарцуулсан.  Мөн тэтгэврийн зээлгүй ахмадуудад 1 сая төгрөг бэлнээр олгоход 236 тэрбум төгрөг зарцуулж байв.

Энэ их мөнгийг тухайн үеийн Засгийн газрын шийдвэрээр дээрх  Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, барагдуулахаар болсон.

 Гэвч өнөөдрийг хүртэл  өр барагдуулах үүрэг хүлээж ажилласан “Эрдэнэс силвер ресурс” компани 80 тэрбум төгрөг барагдуулж, 850 тэрбумын өр үлдсэн байсан ч эдүгээ төлөгдөх боломжгүй ангилалд орж, одоогийн ахмадууд тэтгэврийн зээл хүссэнээр авах эрхгүй нөхцөлд орсон. 

Харин энэ балгийг тарьж нэр хүндээ өсгөж дахин УИХ-ын гишүүнээр сонсогдсон Женко Баттулга Би өр тэглээгүй Тухайн үед У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар бид нар Салхитын мөнгөний ордоор ахмадуудаа өрнөөс нь гаргаж болох юм байна гэдэгт нэгдэж хийсэн гэж гүрдийсэн гэнэ. 

2019-2020 онд шилжих шөнө хэлсэн үг тань дэлгэцнээ үлдсэн. Үүгээрээ хөдөөгийн хөх өвгөд, үр минь тэр минь гэж энхрийлэх ахмадын дунд алдар нэр зүүж өнөөг хүртэл яваагаа ядаж санаарай. 

Одоо энэ шийдвэрээс хойш 3 дахь засгийн нүүр үзэх нь. Оюун-Эрдэнийн Засгийн газар галыг түр унтрааж он дуустал Засгийн газар баталгаа гаргаж өгөх шийдвэр гаргаж “Эрдэнэс силвер ресурс” компанийг  дампуурал зарлах эрсдэлгүй болгосон байдаг. Харин дараагийн бүрэлдэх Засгийн газар энэ асуудлыг яах бол. Энэ асуудлыг хэлэлцэх үед Баттулга гишүүн хуралдаа морилох вий. Өөрийн эрх ашиг яригдах үед л хуралдаа ирдэг нь бараг л үнэн. Сая л гэхэд үргэлж чөлөөтэй байдаг гишүүн Засаг унах үед 18 цагаас хойш чуулганы танхимд ирсэн байдаг. Энэ их өрөө татвар төлөгчид нуруунд тохохоор чуулганы танхимдаа морилох вий. 


 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.