ДЭЛХИЙ МОНГОЛЫН ТУХАЙ: Монголын Ерөнхий сайд итгэл хүлээх санал хураалтаар бүдэрч, улс төрийн хямрал гүнзгийрч байна

2025-06-04 20:26:00

Монголын улс төрийн нөхцөл байдлын тухай BBC news агентлагийн нийтлэлийг орчуулан хүргэж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ улс төрийн хүнд үеийг туулж байна. Авлигын дуулиан, олон нийтийн эсэргүүцэл дундах парламентын санал хураалтаар тэр итгэл хүлээж чадсангүй. 2025 оны зургаадугаар сарын 3 буюу Мягмар гарагт болсон нууц санал хураалтад оролцсон 88 гишүүнээс ердөө 44 нь түүнийг дэмжжээ. Гэвч энэ нь Ерөнхий сайдын суудлаа хадгалахын тулд шаардлагатай 64 саналд хүрсэнгүй.
Энэхүү санал хураалт нь сүүлийн хоёр долоо хоногийн турш нийслэл Улаанбаатар хотод өрнөсөн олон нийтийн эсэргүүцлийн шууд үр дүн байв. Жагсаалд голчлон залуус оролцож, эрх баригчдыг авлига, төрийн мөнгө шамшигдуулсан хэмээн буруутгаж, Оюун-Эрдэнийг огцрохыг шаардсан юм.

Авлигын сүүдэр гүнзгийрч байна

Олон улсын “Транспарэнси Интернэшнл” байгууллагын 2024 оны ил тод байдлын индексээр Монгол Улс 180 орноос 114 дүгээр байрт жагссан нь өмнөх оноос ухарсан үзүүлэлт байлаа. Байгууллагын тайланд дурдсанаар, Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ 2021 онд албан тушаалд томилогдсоноос хойш авлигын эсрэг үр дүнтэй бодлого хэрэгжүүлж чадаагүй гэж дүгнэжээ.

Мөн өнгөрсөн жил АНУ-ын Холбооны прокурорууд Монгол Улсын Ерөнхий сайд асан Сүхбаатарын Батболдын Нью-Йорк хот дахь хоёр үл хөдлөх хөрөнгийг хураан авах хүсэлт гаргасан. Тэдгээрийг уул уурхайн орлогоос хууль бусаар хөрөнгөжсөн мөнгөөр авсан байж болзошгүй хэмээн буруутгасан ч Батболд энэ мэдэгдлийг няцаасан юм.

Олон нийтийн уур бухимдлыг өдөөсөн тансаг хэрэглээ

Сүүлийн үед олон нийтийн дургүйцлийг хамгийн ихээр төрүүлсэн зүйл бол Ерөнхий сайдын хүүгийн найз бүсгүйн цахим орчинд нийтэлсэн зураг байлаа. Тэрбээр тансаг  брэндийн цүнхийг төрсөн өдрийн бэлэг болгон авсан тухайгаа бичсэн нь  пост нь олон нийтийн сүлжээгээр тарж, эрх мэдэлтнүүдийн тансаг хэрэглээний тухай шүүмжлэл эхэлжээ. 

Оюун-Эрдэнийн хариу мэдэгдэл

Санал хураалтын дараа Оюун-Эрдэнэ парламентын танхимд мэдэгдэл хийж, “Цар тахал, олон улсын дайн, эдийн засгийн хүндрэл зэрэг сорилт дунд эх орондоо зүтгэсэндээ нэр төртэй байна” хэмээн хэлжээ.

Тэрээр өөрийн эсрэг гарсан авлигын шүүмжлэлийг няцааж, “энэ бол улстөрийн зорилготой гүтгэлгийн кампанит ажил” гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.

Гуравдагч хөршийн бодлого ба барууны харилцаа

Монгол Улс сүүлийн жилүүдэд АНУ болон Европын орнуудтай харилцаагаа өргөжүүлж, “гуравдагч хөршийн бодлого”-ын хүрээнд Хятад, Оросоос хэт хамааралтай байхаас зайлсхийхийг эрмэлзэж буй. Гэвч дотоодын улс төрийн тогтворгүй байдал нь энэ бодлогын хэрэгжилтэд саад болж болзошгүй байгааг шинжээчид анхааруулж байна.


Эх сурвалж: https://www.bbc.com/news/articles/c5yg8dxv5w9o


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.