Зүүний магнай хүчтэн мөнх бууриндаа заларлаа

2025-06-04 15:12:00

Батхаан хайрхан Тольтын гол Лусын жилдээ өнтэй бараа нь тодхон Зүрх ууланд зургаан сардаа хуртай 41 оныг дүүргэн хүү мэндлэв. Энэ бол алдар нэрээ дэлхийд дуурсгасан үрсийн эцэг, аугаа  түүхт Цэнгэлийн манлай, энэ цагийг эрхшээсэн хүчтэн, даяар дуурсагдах дархан аварга Монгол улсын хөдөлмөрийн аварга, гавъяат тамирчин, чөлөөт бөхийн анхны хүрэл медальт, Олимпын наадмын анхны мөнгөн медальтан хүндэт профессор Жигжидийн Мөнхбат билээ. 

Тэр нартай хуртай наадамд таван жил тахимаа өгөөгүй аварга, улсын наадмын хоймрыг зургаа эзлэж дархлагдсан аварга,  Монгол бөхийн түүхэнд "Аатай аварга" хэмээн олны хайр, хүндэтгэлийг хүлээсэн энэ эрхэм хүний гэрэлт хөшөө Монгол улсын уран барималч Ж.Түмэнчулууны суу билэгээр бүтэлж ийнхүү Зүүний магнай хүчтэн мөнх бууриндаа заларлаа. 

Хөшөөн дээр Ж.Мөнхбат аваргын намтар түүх, амжилтын талаарх мэдээллийг багтаасан QR код хийжээ. Энэ нь орчин үеийн хүүхэд залууст бидэнд түүх бүтээж өгсөн ахмадуудын намтар түүхтэй танилцах сайхан боломж бий болж. 

Ингэж олзуурхахын учир орчин үеийн хүүхэд залуусын монгол бөхийн тухай мэдлэг мэдээлэл хомс болж үндэсний бөх, наадам гэх мэт үндэсний баярт ач холбогдол өгөхөө больж байгаа нь анзаарагдах болсон. 

Монгол үндэстний ялгарал болсон үндэсний бөхийн манлай аваргын гэрэлт хөшөөг ингэж сайхнаар босгосон Улаанбаатарт ирэх жуулчдын нүдийг хужирлах эд хавт дүр бүтээж өгсөн хүмүүн бүхэнд талархъя. 

Харин аугаа түүхт үндэсний бөхөө мэддэг, түүх алдрыг үлгэр домог мэт ярьж Дэлхийгээр нэг аялах жуулчдад  чихний чимэг болох алдар түүхийг нь ярьж, харах нүдний сор болсон энэхүү хөшөөг нь үзүүлж байхыг ирээдүйн үрсдээ захиж хэлье. Тэгэхийн тулд өөрсдөө үлгэрлэн уншиж судлаарай. 

Азарга азарга дэлдээх хайрхад нь баясаг 

Адууны туйр тамагтай хөрш шороо нь адислаг 

Умдаалагч ариун ус мөрөн нь тэтгэг 

Удам удмын домогт аваргын хиймор ивээх болтугай

Улс монголын Заяа буян жил жилээр дэлгэрэг

Зүг зүгийн түмэн зуун зуунд бахадсугай

Зүүний магнай хүчтэн мөнх бууридаа бат залраг 


 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.