Хүүхэд насыг нь өөрт нь үлдээгээрэй!

2025-05-30 17:18:00

Төв талбай гэж улс төрийн бохир буртагтай зууралдсан үнсэн саарал газар байх боллоо сүүлийн үед. Харин тавдугаар сарын сүүлийн энэ өдрүүдэд цолгиун дуу хадаж, хүүхэд шуугьсан их өргөө мэт байсан нь бидний ирээдүй болсон үрсийн буян. Учир нь эдгээр өдрүүдэд олон хүүхэд төрүүлж өсгөсөн хүндэт ээжүүдэд одон медал гардуулж алдарт эх гэдэг цол өгч буй гэгээн өдрүүд өнгөрч байна.

Харин нэг зүйл сэтгэл эмзэглүүлсэн нь аль нэг намын гишүүн эмэгтэй одон авахдаа өмсөх дээл хувцасгүйгээсээ болж одонгоо авч чадахгүй байгаа ээж нарыг төлөөлөн ноорхой дээлтэй одонгоо авлаа гэх бичлэг нийгмийг талцуулж байна. Гол агуулга нь юу ч бай энд хамгийн чухал нь хүүхдийнх эрх. Ердөө л хүнээ орхигдуулсан нийгмийн золиос хүүхдүүдээр дамжин илэрч байгаа нь энэ. Хүүхдийг шагнал авахад, сошиал хандалт авахад, улс төрийн нэр хүндээ нэмэгдүүлэхэд гэх мэт ямар ч тохиолдолд ашиглаж болохгүй нь үнэн. Гэтэл бид  хүүхдээсээ хүүхэд насыг нь хулгайлж, алдар нэр, мөнгө хөрөнгийн төлөө тэднийг золиосолсон хэвээр л байна. 

Өнөөдөр манай нийгэмд хүүхэд гэдэг хэн дуртай нь эрхийг нь зөрчдөг, хүчирхийлэлд байлгадаг, хямд ажиллах хүчин болгодог нь ичих ч ёстой үнэн. 

1.Хүүхдийн эндэгдэл

2. Хөдөлмөр эрхлэлт

3. Сургууль завсардалт

4. Охидын эрт гэрлэлт

5. Төрөлт

 6. Хүчирхийлэл 

7. Зам тээврийн осол гэмтэл

 8. Өсөлтийн хоцрогдол зэрэг бол хүүхдээс“хүүхэд насыг хулгайлагч”  гол хүчин зүйл юм. Үүнийг хэн удирдан манлайлж хийж байна. Томчууд бид. Хэн хайрлаж хамгаалж байх ёстойн бас л томчууд бид. 

Өнөөдөр Монгол улсад хөдөө аж ахуй, уул уурхай, барилгын салбарт хүүхдээр тэвчишгүй хөдөлмөр эрхлүүлж байна. Монгол Улсад 5-17 насны хүүхдийн 10 хувь буюу хүүхэд хөдөлмөр эрхэлж байгаагийн дийлэнх нь хөдөө аж ахуй (хурдны морь унаж уралдах зэрэг), уул уурхай, барилгын салбарт ажиллаж байна. 

 Хоёр их гүрний дундах цөөхөн монголчууд бидний оршин тогтнох үндэс бол өндөр боловсролтой дэлхийн иргэдийг бүтээх буюу хүний хөгжил.Ийм иргэн бүтээхийн тулд хүүхдээ л зөв, эрүүл иргэн болж төлөвшүүлэх нь чухал. 

Одон медалиар шагнаж, уралдаан байр эзлүүлж эрэмлэхдээ гол биш. Тэгш боловсрох, тэгш аж төрөх боломжийг л хүүхэд бүрд олгодог улс орон байя.  Хаана, ямар нөхцөлд аж төрж буйгаас үл хамааран хүүхэд бүр аюулгүй, аз жаргалтай хүүхэд насыг эдлэх эрхтэй.


 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.