Чулуутай танилцсан түүх бидний үе ба дараа үе

2025-04-29 13:24:00

Голын чулуун дотор байхгүй юм үгүй. Авдар сав, аяга, дээл, боов, чихэр, морь, тэмээ цөм бий гэж нэг охин ярьлаа. -Би хүүхдүүдийг дуурайж чулуун дотор хайгуул хийж эхэллээ. Анхандаа над юу ч олдсонгүй. Үүнээс гадна чулуун дотор бүдчин яваад хөлөө шалбалж уйлав. Хүүхдүүд намайг тойрон ирж

-Битгий уйл, чулуун дотор эвтэйхэн гишгиж сур. Чулуу их «ууртай» шүү гэж нэг охин сануулав.

-Би өвдсөндөө уйлаагүй. Над тоглоом олдохгүй байна гэж өчлөө.

Тэгтэл миний танил цоохор хамартай жаал,

-Наад хөлийн чинь хажууд нэг морь байж байна, сайхан цагаан морь! гэв.

Авч үзвэл нээрээ морьтой яг адилхан хэлбэртэй цагаан чулуу байв" Их зохиолч Лодонийн Түдэвийн Чулуутай танилцсан нь хэмээх энэ өгүүллэгт нэгэн жаал хүү ингэж чулуутай танилцдаг.

Харин та яаж чулуутай танилцаж байв. Миний хувьд бол ээж маань булгийн усны том чулууг хөргөгч шиг ашиглаж уух зүйлс хүйтэн болгож өгдөг байлаа. Би түүнийг хөдөөгийн хөргөгч гэж боддог байв. Аав маань салсан гутлыг маань цавуугаар наачхаад том чулуугаар дарж тавиад бат бэх болгодог байв. Тэгж би чулууны хүч чадлыг мэдэрсэн. Эгч маань жижиг жижиг чулуу түүж надад 10-ыг өөртөө 10-ыг аваад нэгнийхээ атгасан чулууг тооцоолоод өөрийнхтэй нь нийлээд хэд болсноо тааж тоглонгоо математикийн анхан шатны давтлага болгодог байв.

Аав маань өнгө өнгийн гоё чамин чулуу цуглуулж түүнийгээ янз янзаар эвлүүлэн тавьж анхааралтай ширтэж байснаа аавын хариултыг хүлээж байгаа хүнд чухал хариулт хэлж мэргэлдэг байв. Ингэж би чулуунаас ид шид мэдэрдэг байв. Зундаа айлуудын малаа хашсан чулуун хашааг харж яг дуурайж тойруулан өрөөд гэр хийж тоглож байхдаа голын усанд, нарны туяанд чулууны өнгө хэрхэн өөрчлөгддөгийг мэддэг боллоо. Ингэж би олон өнгө байдгийг мэдэж авав.

Яг ингэж элсээр элдэв төрлийн бүтээн байгуулалт хийж энд тэндээс элдэв янзын мод ургамал түүн хоол хийж тоглож өссөн магад сүүлийн үе бидний 90-ээд оныхон мэт санагддаг. Одоо би ээж болж хүүхдээ юугаар тоглуулах вэ гэдэг чухал бодолтой болсон үедээ л ямар  бүтээлч тоглодог байснаа нэхэн санаж байна.

Миний хүү 4 настай альфа үеийн таблет зурагт үздэг анхны хэлсэн үгс нь англи үг зэрэг яг л нэг шинэ үеийн даяарчлагдсан нийгмийн нэгэн бүтээгдэхүүн. Зурагтаар, интернэтээр харж байгаа тоглоомоо авахыг хүснэ аваад хэд хоноод эвдлээд дахиад авахыг хүснэ. Энэ дүр зураг жаахан хүүхэдтэй ээж аавуудад их л ойрхон бууж байгаа байх.

Гэхдээ хүү маань бас байгальд ч тоглох дуртай. Элс шороогоор, ус, модоор тоглох дуртай. Харин бид тэднийг тэгж тоглоход тийм ч дуртай биш бөгөөд түүнийг нь бэлэн тоглоом худалдаад авч өгдөг шигээ ихээр дэмждэггүй. Гадаа тоглоё гэсэн хүүхдээ ядраад ажлаасаа ирж байхад юун гадаа тоглох хурдан гэртээ орно гэнэ, гадаа хэсэгхэн тоглуулахдаа шороо битгий самард гар чинь сайртана, хүүе хувцас чинь муухай боллоо, хүүе наадах чинь “баба” гэх мэтээр байгальд байгаа зүйлсийг заваан бохир мэтээр ойлгуулна. Ингэсээр хүүхдүүд маань аалз, шоргоолж,ялаа бүр төл малаас хүртэл айдаг “байшин доторх” хүүхдүүд болох гэж байна.

Амралтын өдрүүдээр хүүхдүүдээ дагуулж гадуур гарахдаа хүүхдэдээ чулуу түүж өнгө дүрсээр ялгаж хамтдаа тоглохын оронд байгалийн сайхныг мэдэрч стори хийх ганцхан зорилготой. Гэтэл том хүн та өөрөө байгалийн сайхныг мэдэрч тольдож чадах бол хүүхэд тань анхнаасаа тийм дадалгүй учир голын эрэг дээр суугаад утас үзэхийг л хүснэ. Бүх хүн ийм гэж худлаа хэлэхгүй ч өнөөгийн нийгэмд ихэнх гэр бүл ингэж амьдарч байгаа гэхэд хилсдэхгүй. Тиймээс энэхүү нийтлэлээр дамжуулж хэлэх гээд байгаа зүйл маань байгальд тоглоом чинь байгаа гэдгийг энэ альфа үеийн хүүхдүүдэд бага ч гэсэн ойлгуулахыг ээж аав нараас хүсэх гэсэн юм.

Орчин үеийн тоглоом хангалттай амар, бас сэтгэхүй хөгжүүлэхүйц сонирхолтой болсон нь мэдээж. Гэхдээ бидний үе болон биднээс дээд үеийн тоглож өссөн чулуун тоглоом буюу айл гэр болж чулуу тойруулан өрж гэр хийгээд гэрт байдаг тавилга, эд барааг төлөөлүүлэн, амьтны дүрстэй ойролцоо өнгө бүрийн чулуугаар гүү саах, чулуу таалцах, жин тээх, чулуу шидэх, хуц мөргөлдүүлэх, дүүгүүрдэх гэх мэтээр тоглож болдог бөгөөд энэ нь байгальтай танилцах, юмсын хэлбэр дүрсийг ялгах, эд хэрэглэлийн зориулалтыг ойлгох, хийсвэрлэн бодох чадвар нэмэгдэх, эцэст нь байгальд хайртай иргэн болж төлөвшихөд чухал үүрэгтэй гэж бодно.

Бид мөн чулуугаар тоглохоос гадна хөгжим ч тоглож болно гэдгийг “чулуун царгил” хэмээх хөгжмийн зэмсгийг монголчууд өөрсдөө зохион, үе дамжуулан хэрэглэсээр ирсэн түүх гэрчилнэ. Энэхүү уламжлал эдүгээ цагт мартагдах шахам болж, хүмүүсийн зөвхөн сонсох төдий дурсамж болж зарим нь огт мэдэхгүй өнгөрч байна.

Энэхүү хөгжмийг танилцуулж хүүхдүүдийг тоглуулснаар хүүхдүүд элсний нэг ширхгийг ч боловч хайрлах сэтгэлгээ нь улам гүн болж байгалийн чулуу руу шүлсээ хаяхаас ч хайран санагддаг болдог аж.

Ингээд бодохоор бидний чулуутай танилцсан түүх миний хүүхэд хүүхдийн маань хүүхдийн чулуутай танилцсан түүх хооронд маш их зөрүү гарна. Заавал эртний үеийн хуучирсан тоглоомоор тогло гэж албадахгүй ч ийм байдаг гэдгийг түүний гоё сайхныг нэг удаа ч гэсэн мэдрүүлбэл бидний хүүхэд өөрийн хүүхдэдээ чулууны тухай гоё түүх ярьж өгнө тэр түүхийг сонссон хүүхэд нь эх дэлхийнхээ ширхэг чулууг ч хайрладаг иргэн болж төлөвшинө.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.