Дарга нар тусдаа гарах нь ээ!
2025-04-29 13:13:00

Бидний монголчууд хийсвэрлэн бодож мөрөөдөхөд мөнгө төлөхгүй гэж хэлэлцэх дуртай билээ. Ингэж бид метротой болов, утаагүй болов, түгжрэлгүй болов. Харин одоо тусгаар хоттой болохоор зэхээд эртнээс дарга цэргээ бэлдэв. Сураг нь сонсогдсон бараа нь үгүй хотын захирагч, чөлөөт бүсийн захирагч тодроод ажил их ээ. Харин сонсоод байхад энэ шинэ төвхнүүлсэн хотдоо хэдэн дарга нар маань өөрсдөө л суурьшаад аз жаргалтай амьдрах хүсэлтэй юм шиг санагдах боллоо. Жишээ нь Төв аймгийн нутаг дэвсгэрт байрлах Хүннү хотдоо төр, захиргааны байгууллагуудын нэгдсэн цогцолбор байрлах бөгөөд олон улсын нисэх буудлыг түшиглэн олон улсын дээд хэмжээний уулзалт, арга хэмжээг зохион байгуулах цогцолбор байгуулж, үйлчилгээний менежмент аюулгүй байдлыг хангах тогтолцоог бий болгоно гэнэ.
Тэгээд дулааны станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих, цэвэрлэх байгууламжийг шийдэх, Шинэ Зуунмод хотын авто замын зураг төслийг шийдүүлж, эхний ээлжид 51 км авто замыг барих юм гэнэ. Гэтэл бид дахиад нэг цахилгаан станц барья оросоос тог цахилгааны хараат байдлаас салъя гэж хэдэн жил гуйв, түгжрэлгүй хотод амьдаръя гэж хэдэн жил хүсэв. Гэтэл тэр бүх хүсэл шинэ Хүннү хотод удахгүй биеллээ олох юм байна. Мөн явган хүний зам, дугуйн зам, ногоон байгууламжтай, замууд нэвт гарах төлөвлөлттэй энэ хотоо барьж байгуулахад 500 орчим тэрбум төгрөг шаардлагатай гэсэн урьдчилсан тооцоо гаргаж 2022 онд 33 тэрбум төгрөг, 2025 онд 98.2 тэрбум төгрөгийг тус тус төсөвт суулгажээ.
Мөн эртний төрт улсуудын суурин байсан Өвөрхангай, Архангай аймгийн нутаг дахь Орхоны хөндийд 189 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, 500 мянган хүн амьдрах Шинэ Хархорум хот бүтээхээр төлөвлөжээ. Хотын суурьшлын бүсийг 25 мянган га-д хийхээр төлөвлөсөн бөгөөд энэ нь Улаанбаатар хоттой харьцуулбал 3 дахин том байх юм гэнэ. Хархорум хотыг засаг захиргаа, түүх, соёлын аялал жуулчлал, олон улсын харилцаа, өндөр технологийн үйлдвэрлэл, эрүүл мэндийн үйлчилгээний төв болгон хөгжүүлэх юм байх. Хотын хамгийн өндөр хэсэг 26 давхар буюу 80 метр хүртэл, дунд хэсэгтээ газрынхаа зориулалтаас шалтгаалаад 50 метр хүртэл буюу 16 давхар барилгатай байхаар төлөвлөсөн л гэнэ.
Хотын замын байгууламжийн 70 хувийг нь явган болон дугуйгаар, нийтийн тээвэр зорчиход зориулна л гэнэ. Дөнгөж 30 хувийг нь автомашины хөдөлгөөнд зориулах юм гэнэ. Харин атаархмаар энэ сайхан хотоо төр захиргааны төв болгож Ерөнхийлөгчийн ордон, Засгийн газар болон яамдуудыг үе шаттайгаар тийш нүүлгэн шилжүүлэх юм байна. Ингээд сонсвол нэг сая гаруй хүн бөөгнөрсөн бухимдал их Улаанбаатар тархан суурьших сайхан боломж мэт сонсогдовч үнэхээр энэ хотууд босох эсэх нь ихэд эргэлзээтэй. Боссон ч дарга нар тусдаа гарч бид Улаанбаатартаа хордоод, бөглөрөөд үлдэх бололтой шүү. Дагуул хотыг шинээр барьж байгуулах чухал ч одоо хөгжиж буй хөгжүүлэх боломжтой 21 аймаг 360 сум суурин бий.
50 км яваад л орхигдсон хэдэн байшин зэлүүд газраа манаад үлдсэн уугуул хэдэн иргэд бий. Эхлээд байгаагаа эмхэлж цэгцлээд дараа нь шинэ суурин төвхнүүлэх тухай яривал их л бодит сонсогдоно доо. Майдар гэж бүтээгүй хот бий. Хүннү сүннүгийн үеэс бүтээж сөнөөж ирсэн туршлага ч бий дээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.