Мега төслүүд мянганы луйвар болчих вий дээ!

2025-03-13 13:33:00

Монгол улсын Засгийн газар 2024-2028 оны ажиллагааны хөтөлбөртөө эдийн засгийг тэлэх 14 том мега төслийг баталсан. Үүнд бидний олон жилийн мөрөөдөл болсон эгийн голын 310мвт-ын усан цахилгаан станц барих төсөл багтана. Энэ төсөл хэрэгжсэнээр эрчим хүчний систем найдвартай, тогтвортой болно. Мөн газрын тос боловсруулах үйлдвэр. Үүнийг хэрэгжүүлснээр жилд 1.5 сая тонн түүхий тосноос 1.3 сая тонн бүтээгдэхүүн гарган авч дотоодын газрын тосны хэрэглээний 55 орчим хувийг бүрэн хангах, импортын хараат байдлыг бууруулах шатахууны үнийг бие даан зохицуулах гэх мэтчлэн асар өндөр ач холбогдолтой мега төслүүд юм.

Тэгвэл Засгийн газар ээлжит хуралдаанаараа Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайхан, Р.Амаржаргал, С.Баяр, Сү.Батболд, М.Энхболд, Ж.Эрдэнэбат, ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга асан А.Гансүх нарыг тусгай үүрэгт Элчин сайдаар томилохыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт даалгажээ. Харин Батцэцэг сайд тэднийг гадаад руу томилохгүйгээр монголын эдийн засгийг тэлэх 14 мега төслүүдэд зөвлөхөөр ажиллуулахаар шийджээ. Гэтэл эдгээр 6 хүн монголын улс төрд хар данстай хүмүүс. Жишээ нь:

Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байх Улаан сайр-2 гэх 1463.82 га талбай бүхий тусгай зөвшөөрлийг “Элбэг орд” ХХК-иас өөрийн төрсөн дүүтэйгээ хамтран эзэмшдэг компанид шилжүүлэн зарсан, мөн Засгийн газрын 256 дугаар тогтоолоор “Азаргын гол чонот” ХХК-д нөхөн төлбөрийн зориулалтаар ашиг малтмал хайх найман тусгай зөвшөөрөл олгож, тус компанид давуу байдал олгосон.

Ерөнхий сайд асан М.Энхсайхан Тавантолгой төслийн хөрөнгө оруулагчийг шалгаруулах явцад нөлөөлж, албан тушаал эрх мэдлээ урвуулан ашиглан зарим компанид эдийн засгийн давуу эрх мэдэл олгосон, Ерөнхий сайд асан С.Баяр  албан тушаалын байдлаа ашиглан Петровисын шатахууныг Оюутолгойд шахахад нөлөөлсөн, АНУ-д хууль бусаар дөрвөн үл хөдлөх хөрөнгө худалдан авсан, мөнгө угаасан гэх хэрэгт холбогдсон гэх мэт албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж луйвар булхай хийхдээ гаршсан хүмүүс гэдэг нь шүүхээр ч нотлогдож зарим нь ял аван өршөөлийн хуулиар ч суллагдсан хүмүүс. Гэтэл улс орны хувьд заяаг шийдэх томоохон төслүүдэд эдгээр хүмүүс зөвлөнө гэдэг нь чононд мах хадгалуулахтай адил биш үү.

Эдгээр 14 төсөл хэрэгжсэнээр ядуурлын түвшнийг хоёр дахин бууруулах, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 10 000 ам.долларт хүргэх зэрэг том амбицтай төслүүдийг луйвар булхай болгохвий. 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.