Мөрөөдөл цуврал: Үйлдвэрлэгч улс болохсон
2025-03-11 13:16:00

Сар шинийн баярын өмнө гарсан үзэсгэлэн худалдааны үеэр олон зүйлийг анзаарч, эмзэглэж, бас мөрөөдөж явлаа. Тэдгээр бодол дээрээ тулгуурлан мөрөөдөл цувралаа эхлүүлэхээр шийдлээ. Орчин үеийн хөгжиж буй монгол улсын иргэн надад ийм ийм...мөрөөдөл байна. Харин танд ямар мөрөөдөл байна вэ?
Жижиг дунд худалдаа үйлдвэрлэл эрхэлдэг хүмүүсийн дийлэнх нь энд тэнд түрээсийн байр хэсэж үйл ажиллагаа явуулж байгаа. Ингэж хэснэ гэдэг нь тоног төхөөрөмжүүдээ зөөх нүүх суух гэдэг нь арай ядан дэнжигнэж байгаа ЖДҮ эрхлэгчдэд үнэхээр том ачаа.
Тэгвэл тэднийг нэгтсэн салбар салбараар нь ангилсан томоохон хэд хэдэн үйлдвэрийн зориулалттай байр байраад түүнийг тогтмол түрээслэх нь түрээслээд худалдан авах нь аваад нэг газраа тогтмол үйл ажиллагаа явуулдаг бол хичнээн амгалан байх бол. Жишээ нь: Манайх 70 гаруй сая малтай. Үүнээс гарах ашиг шим мэдээж арвин их. Зөвхөн арьс ширийг нь боловсруулж гутал хийе гэж бодвол 5 давхар гутлын үйлдвэр бариад нэг давхарт эсгий гутал үйлдвэрлэгчид, хоёр давхарт монгол гутал үйлдвэрлэгчид, гурван давхарт гоёлын гутал үйлдвэрлэгчид гэх мэтээр гутал үйлдвэрлэгчдийг нэгтгэх нь олон зүйлсийг хялбарчилж өгнө.
Өнөөдөр монголчууд дотооддоо үйлдвэрлэл эрхэлж дотооддоо мөнгөний урсгалыг эргэлдүүлэхээр хичээж байна. Гэтэл ихэнх үйлдвэрлэлийн түүхийн эд урдаас, хойноос. Ингэж хил дамнан орж ирэхдээ татвар төлөөсөө төлж, үйлдвэрлээд иргэдийн гарт хүрэх хүртлэх чимхлүүр олон зардал нэмэгдээд дотоодын бүтээгдэхүүн өндөр үнэтэй байхаас аргагүйд хүрдэг. Тэгвэл өөдөс даавуу үйлдвэрлэсэнийг ч, өнгө өнгийн утас ээрснийг ч, эсгий шир элдснийг ч таван цулаа, цагаан идээгээ боловсруулсан бүхнийг нь дэмжээд үйлдвэр болгоод байвал бид аяндаа л бие биенийхээ туслах материал түүхий эдийг бэлдээд өгдөг үйлдвэрлэгч улс болно. Тэднийг татвараар дарамтлахгүйгээр хийх бүтээх боломжийг нь нээлттэй болгоод өгөхсөн. Үндэсний тойм сэтгүүлийн 2021 оны дугаарт нэгэн үйлдвэр эрхлэгч
“Компаниа арьс, шир боловсруулах чиглэлээр 1996 онд байгуулсан. Эхэндээ хуучны сайн тоног төхөөрөмжөөр үйл ажиллагаа явуулдаг байсан юм. Гэтэл тэр үед хятадууд орж ирээд “Хамтаръя, хөрөнгө оруулалт хийе, шинэ тоног төхөөрөмж оруулж ирье” гэхээр нь хуучин тоног төхөөрөмжүүдээ бүгдийг нь гаргаад төмрийн хог руу тушаачихсан. Гэтэл хятадуудын оруулж ирсэн төхөөрөмж нь чанарын шаардлага хангахгүй, төмөр муутай, удалгүй эвдэрсэн. Үйлдвэрлэл эрхэлнэ гэж ятгасан хятадууд хамтарсан компани байгуулж орж ирснийхээ дараа “Монголд наймаа л ашигтай юм байна, арьс урагшаа гаргая” гэх болсон.
Ингээд нэг хэсэгтээ л үйлдвэрлэгч биш, арьс шир цуглуулж урагш нь гаргадаг наймаачин болсон доо. Энэ хооронд үйлдвэрээ яг дөрвөн жил яс цоожтой байлгасан байдаг. Сул цалин аваад явж байсан болохоор би нэг хэсэг чимээгүй явсан. Тэгээд сүүлдээ гэнэтхэн дургүй хүрээд “Больё, үйлдвэрээ ажиллуулна” гээд буцаад үйлдвэрлэлийн салбар руугаа орсон л доо. Даанч Хятад, Солонгосоос хямд арьс, ширэн бүтээгдэхүүн орж ирээд өсч томрох боломж үндсэндээ хаагдаад байна”
гэжээ. Энэ мэт дотоодын үйлдвэр хаалгаа түгжээд сууж байхад 2020 он шиг цар тахал гарч бид олон сараар хилээ хаах хэрэг гарвал бидний хэрэглээ бүрэн зогсож, эрэлт ихэсэж үнэ өсөж үймээн самуун үүсэх эрсдэлтэй шүү.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.