Цагаан сараас алсарсан зарим зүйлс
2025-02-27 15:19:00

Цагаан сар болохоор бэлдэх зэхэх ажил их. Үүний хажуугаар цагаан сар гэх дурсамжаас зарим зүйлс алсаран одсоныг анзаарлаа. Зарим нь сайн, зарим нь муу. Цаг улирах тусам шинэчлэгддэг хойно. Гэхдээ уламжлалаа авч үлдэнгээ шинэчлэгдэх нь зөв байх.
Мэндийн цагаан хадаг хайчив
Монголчудын баяр ёслолд хадгийг эдийн манлай болгон барьдаг. Хадагныхаа амыг барих хүн рүүгээ амыг нь харуулж хүндийн эрэмбээр мэхийн золгодог байж билээ. Харин одоо хэн илүү мөнгөн дэвсгэртээр золгохоороо уралддаг болжээ. Уралдаад уралдаад дээд дэвсгэрт нь 20 мянга болонгуут 100 доллар барьж золгодог нь нэг л харийн санагдана.
Ууц чанасан айл байна уу?
Өнөөдөр нэг ахмад настан 650 мянган төргөнийн тэтгэвэртэй. Гэтэл нэг ууц 500 мянган төгрөг. Ийм үнэтэй байсан ч ахмад настнууд зээл тавин барин цагаан сардаа бэлддэг. Гэхдээ ууцыг ёс журмын дагуу тавьдаг, хөнддөг айл улам цөөрчээ.
Минимал таваг засаг уу таван үе таваг засах уу?
Насны эрэмбээрээ идээ ундаа засаж айл байдгаараа л дайлах цайлах гэж хичээдэг. Гэхдээ сүүлийн үед ширээний гоё сайхан нь элдэв декор өрсөн, торгон эсвэг хатгамалан дэвсгэр дэвссэн үү орж байгаа жилийн баримал хөшөө тавьсан уу гэдгээрээ өрсөлддөг болжээ.
Дээлтэй согтуу хүн
Өнгө өнгийн торго дурдан болсон дээл өмссөн, шляпан малгай тохсон нүсэр том ах нар согтуу их явдаг байж билээ. Машинтай хүн ч ховор байж. Ихэнх нь алхах нь алхаж нийтийн тээвэрт цуван явахад эхнэр хүүхэд нь араас нь зууралдаж архины хэрүүлтэй тэр үе ард хоцорчээ. Би жолоо барьж яваа гэж соёлтойгоор татгалзаж чаддаг болсон нь бахархууштай.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.