Шинэ үеийн залуусын заавал мэдэх “ЦӨВҮҮН ЦАГ”

2025-02-14 12:07:00

Бидний шинэ үеийнхэн угаасаа л ийм тайван, энх тунх цагт өсөж бойжсон. Гэтэл энэ энх тайван цаг үеийг ямар үнэ цэнээр, хэн олж авсныг төдийлөн анхаарахгүй, үнэлэхгүй, хамгаалахгүй байх шиг санагдан харуусал төрж байна. Нэг хүн үхвэл уй гашуу, сая саяараа үхвэл статистик гэдэг  үг бий.

Үүн шиг хэдэн мянгаараа хэлмэгдэн үхэж, хэдэн мянгаараа эх орноосоо дүрвэж байсан тэртээ 1924-1940 он хүртэл эх орон, өвөг дээдэст маань чухам юу тохиолдож байсныг шинэ үеийн бид бараг л мэдэхгүй. 37 мянган хүн хэлмэгдэн амь үрэгджээ, 47 мянган хүн зугтан дүрвэжээ гэх мэт харгис статистик тоон мэдээлэлтэй үлджээ.

Энэ түүхийг 1990 онд хүртэл нуун дарж түүнээс хойш бага багаар нууцаас гаргаж байсан ч өнөөг хүртэл бүрэн дүүрэн тодорхой болгоогүй, ил болгохгүй байх шалтгаан ч бий гэдэг. Тухайн цаг үед нэг талаас засаг төр нь иргэдээ коммунист хуаранд хаших гэсэн оролдлого хийж, нөгөө талаас эрх чөлөөгөө боомилуулсан иргэдийн бослого хоорондоо тулж байсан маш аймшигт он жилүүд өнгөрсөн. 

Үндсэндээ 20 –р зууны түүх бол бүхэлдээ Монголчууд тусгаар тогтнол, эрх чөлөөнийхөө төлөө тэмцсэн 100 жилийн түүх юм. Түүхч доктор Д.Өлзийбаатар 1911-1930-аад оны дунд үе хүртэлх Монголчуудын улс төр, эдийн засагт тохиолдсон хүнд хэцүү, бэрх цаг үеийн тухай хэлэхдээ “1920-1930 оны хооронд Монголд үйл ажиллагаа явуулж байсан “Комментерн” хэмээх байгууллага үзэл суртлаа тулгаж, өөрсдийн улс үндэстний онцлог, язгуур соёл, шашин уламжлалаа хадгалахыг оролдсон хэн бүхнийг баруунтан хэмээн цоллоод, улс төр нийгмийн амьдралаас шахан зайлуулах, эд хөрөнгөтэй нэгнийг дарлагч мөлжигч хэмээн нүд үзүүрлэж, хөрөнгө малыг нь хураах, шашин бурхныг нь бурангуй ёс хэмээн хааж, бурхан тахилыг нь устгаж, ном судрыг нь шатааж байсан. Энэ үйл явдал 1927-1928 оны үед эрчимтэй өрнөж олон хүн үрэгдэн, монголчууд өөрсдийн эрх чөлөөгөө хамгаалахын тулд, эд хөрөнгөтэй байхын тулд 1930 оноос эхлэн эх орноосоо дүрвэн нүүж эхэлжээ. Үүгээр ч зогсохгүй 1932 онд монголчууд бие биенийхээ эсрэг зэвсэг барин босож, биесээ хөнөөж байсан тэр түүхэн цаг үе бол 20-р зууны Монголын түүхэн дэх хамгийн аймшигт үзэгдэл” гэдгийг хэлдэг.

Зарим түүхчид энэ үеийг хэлмэгдүүлэлт  гэж хэлэхэд ч багадна. Тэр бол “төрлөөр нь устгах” гэмт хэргийг монгол үндэстэн  зөвлөлтийн коммунист намын шийдвэрээр социализм коммунизм байгуулах ангид нийгмийн онолын туршилтын бай болсон гэж үздэг. 

Тэгвэл энэ харгис үйл явдлын золиос нь ямар хүмүүс вэ?

Хамгийн түрүүнд лам нар. Учир нь лам нар бол бурхны шашин бол тухайн цаг үед монголчуудыг нэгтгэх нэг чухал хүчин зүйл болж байсан. Тиймээс Монгол үндэстэнд тусгаар тогтнол, эрх чөлөө олгосон бурхны шашны тэргүүн Богдын шавь нарыг хамгийн түрүүн, дараа нь суут ухаан, эд хөрөнгө бүхий алтан ургийн ноёдууд хамгийн их өртжээ. Мэдээж бас энгийн ард түмэн. Энэ харгислалын үед ард түмний үзэж байсан зовлон зүдгүүр мэдэрч байсан мэдрэмжийн тухай түүхэнд бичин тэмдэглэгдсэн зүйлс маш ховор. Харин тэр нарийн нандин мэдрэмж, шаналлыг бид уран зохиол, кино урлагаас мэдэрч чадна. Тиймээс Фантастик продакшн монголчуудын ам дамжин ярьдаг ИХ НҮҮДЭЛ буюу хэлмэгдүүлэлтийн үеийн монголчуудын дүрвэлт ард иргэдийн үзэж туулсан гуниг шаналлыг уран сайхны хэлээр бидэнд ярьж өгөхөд бэлэн болжээ.

Орчин цагийн залуус “Шиндлерийн бүртгэл” гэх Еврэй үндэстний хэлмэгдүүлэлтийн тухай киног ихэнх нь  мэддэг. Тэгвэл энэ кинонд гардаг үйл явдлаас ч харгис зүйлс монгол үндэстэнд болж байсан, түүний эсрэг бидний өвөг дээдэс яаж тэмцэн өнөөгийн тусгаар Монгол улсыг бидэнд ямар их үнээр үлдээсэн тухай үнэн  түүхээс сэдэвлэсэн “Цөвүүн цаг” кино тун удахгүй үзэгчдийн хүртээл болох гэж байна. Тус киногоор бидэнд хамгийн ойр буюу дөнгөж нэгэн зууны өмнөх өвөг дээдсийн маань туулж ирсэн бодит түүхийг өгүүлэх болно.

 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.