Улстөрд урлагийнхан хэрэггүй!
2024-05-08 15:38:00
Монголын улс төрд нэгэн шок мэдээ чих дэлсэж буй нь комедиа Н.Амаржин, Д.Амартүвшин нар болон Камертон хамтлагийн дуучин Д.Болд 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших болжээ. Урлагийн салбар гэх үү улстөрийн салбар гэх үү л болох юм биш үү.
Амаржин, Амартүвшин нар аль хэдийн комедиагаараа дамжуулж улстөрийг шоглож шантаажилж байснаараа том намд дагаар орцгоож бүр албан тушаалтай ч болоод авсан. Мөн тэдний боловсрол мэдлэг ч тийм муу биш.
Н.Амаржингийн тухайд АНУ-ын Колорадогийн их сургуулийг төгссөн. Улстөрийн шинжлэх ухаан болон эдийн засгийн хос дипломтой. Тэрээр хошин шог байдлаар хэдийнээ улстөрд оролцож байснаа илэрхийлээд
“би улс орноо, залуучуудаа, цэвэр чөлөөт зах зээлийг эрхэмлэдэг, гэр хорооллын хашааг үнэд хүргэе, үнийг нь чөлөөлье, нийгмийн даатгалыг бууруулъя, старт-ап компаниудын НӨАТ-ын тэглэе, ядаж багасъя, хиймэл оюун ухаанаар тендерийн хулгайг зогсооё, Ах нар шиг "Эдийн засгаа солонгоруулна" гэх мэт яруу үг сонсохоор сэжгийн санагдаад байна. Яг үнэндээ "Шударга ёсыг тогтооё" гэж ярих гэхээр дотор арзайдаг болсон"
байна гэдгээ илэрхийлэв. Харин тэр тэгж ярьдаг ах нар буюу Л.Гантөмөрийн гараас атгасан.
Харин Д.Амартүвшингийн хувьд угаас улс төрийн идэвхтэй нэгэн бөгөөд эрх баригчдыг эсэргүүцэж талбай дээр хэд хэдэн удаа жагсаж, үзэл бодлоо илэрхийлж байсан. Мөн либертари үзэл баримтлалтай гэдгээ олонтоо ярьж “Либертари” намаа байгуулсан. Харин түүний нам сонгуульд оролцох эрхээ авч чадаагүй учир ардчилсан намд дагаар орж нэр дэвшихээ зарлалаа. Ингэхдээ
"Либертари нам бол АН-ыг баруун тийш нь чирэх бульдозер байх болно. Мэдээж нам учраас дотроо тэмцэл, маргаан, зөрчлүүд нь байна. Гэхдээ бид улстөр гэхээсээ илүү үзэл санаагаар нь чирэхийг илүүд үзэж байгаа. Либертари намын гол уриалж байгаа зүйл бол баруун төвийн нам, чөлөөт зах зээл, жижиг төр, хувь хүний эрх чөлөөг дэмжье”
гэдэг амбицтай байгаагаа илэрхийлэв. Гэвч улстөрийн идэвх эзэмшсэн мэргэжил боловсролоороо гологдохгүй ч хошин комеди байдлаар олонд танигдсан тэднийг иргэд хүлээж авах нь эргэлзээтэй. Түүнээс ч эргэлзээтэй зүйл нь хэдэн жил МАНАН бүлэглэлийн тоосонд манарсан овгор ах нар нь энэ хоёрыгоо өөрсдийг нь сурталчлах инфлүүзер гэж бодож ашиглаж байх вий.
Дайран дээр давс гэгчээр бас нэг шок мэдээ нь урлагийн салбарт олон жил зүтгэсэн төрийн соёрхолт дуучин Д.Болд сонгуульд хүч үзнэ гэдгээ “Салбарынхаа хөгжлийн төлөө 30-аад жил, үе үеийн залуусын үлгэр дуурайлал, зөв чиг нь байхын тулд үргэлж хичээн зүтгэж, хөдөлмөрч сахилга баттай, зөв амьдралаар тууштай зүтгэсэн энэ амьдралаа илүү хүртээмжтэй бодлого, илүү гэрэлтэй ирээдүйн төлөө цаашид зориулах болно.
Хамтдаа өссөн, хөгжсөн, бүтээсэн бас илүү сайхан нийгмийг хүссэн монголчуудыгаа хамт гэдэгт чин сэтгэлээсээ итгэж байна. Илүү хүчтэй, шударга, тэгш хүртээмжтэй нийгмийг хамтдаа бүтээцгээе.Надаас үл шалтгаалах олон хүчин зүйлс байгаа болохоор үйл явц тодорхой болох өдрийн морин цагт албан ёсоор зарлах болно"
гэж мэдэгдлээ. Урлагийнхан улстөрд орохоороо кнопын наймаачин болдгийг мэдэхгүй биш. Чаддаг чаддагаа хийгээд чансаагаа ахиулаад явж байсан нь дээр биш үү. Ярих амархан ч хийх хэцүү. Улстөрийн арга мэх ч их. Урлагийн уян зөөлөн сэтгэлтэй, сэтгэл хөдлөл мэдрэмж ихтэй та бүхэн мафижсан төрийн ордонд биш соёлын ордондоо соён гэгээрүүлээд зай завсраараа улстөрийнхөнд хяналт, шүүмжээ дайгаад байж байвал дээр биш үү?
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.