Дуугүй байх сонгодог ч дуутай, мэндтэй явах нь ч бас сонгодог шүү П.Анужин гишүүн ээ

2024-05-07 13:29:00

Хамгийн том дүүргээс хамгийн их санал авч сонгогдсон эмэгтэй гишүүн бол П.Анужин. Түүнд итгэсэн олон хүний итгэл нь хүлээлтээр солигдов. Бүхэл бүтэн дөрвөн жил өнгөрөхөд тоймтой зүйл хийж харагдаагүй тэрбээр сонгууль дөхсөн энэ үед гэнэтхэн уянгалан гарч ирэв.

Дөрвөн жилийн хугацаанд чимээгүй байсныгаа тайлбарлахдаа хийсэн ажлаа 15 минутад тайлагнахад хангалттай гэж бодсон учраас чимээгүй ажиллаж ирлээ гэлээ. Ингээд цахимаар тайлангаа тавьж эхлэв.

Эхний 15 минутын лайваар  сургуулийн сурагчдын хоолны мөнгийг 900 төгрөг байхад нь 1500 болгосноо, Сонгинохайрхан дүүргийн сургуулиудыг өөрийн гэсэн гал тогоотой болгож шинэчилсэн тухайгаа ярив.

Харин дараагийн лайваар тайлан гэхээсээ илүү ус уух, тухай шим тэжээл хэрхэн авах тухай хоол зүйчийн зөвлөгөө өгөөд түүний арван таван минут дуусав.

Дараагийн 15 минутын тайлангаараа байнгын хороондоо ирцээ сайн өгч суудаг байснаа ярьсаар дуусахын өмнө хальт эх хүүхдийн асуудалд анхаарсан, төрөх эмнэлэгийг шинэчлэх асуудалд шатаж, тэмцэж хуулийн төсөл өргө барьсан, хоёрдугаар төрөхийг шинэчилж барих ажлыг эхлүүлсэн гэх мэт ярив.

Заа гишүүнээ таны 15 минутын тайлангийн 5 хүрэхгүй минутад хийсэн ажил, санаачилсан төслийн тухай буйр туйр мэдээлэл байв. Үүнийг ийм хэмжээний бага ажил хийсэн гэж ойлгох уу?

Сонгууль хаяанд ирсэн энэ үед сонгогчид тань яг юу хийв гэдэг асуултыг асуухад таны хариулт хангалтгүй байна. Тиймээс сонгогчид тань муу дүн тавьж кноп дарж ирц бүрдүүлдэг сул гишүүн хэмээн тодорхойлж байна.

Угтаа бол УИХ дахь эмэгтэй гишүүдийг нийгэмд эмэгтэйчүүд, хүүхдүүдийн төлөө дуугарах төлөөлөл болгон илгээсэн гэж бид ойлгодог. П.Анужин тэдний төлөөлөл. Харамсалтай нь нийгмийг цочроосон, мянга, мянган хүүхдийн эрх зөрчигдсөн асуудлуудаас, ийм хэргүүдийн дараа хэлгүй мэт дуугүй байсаар өдийг хүрэв.

Харин тэрбээр УИХ-ын байнгын хорооны хурал дээр дээлийн хээг хуульчлах, эмэгтэй гишүүдийн хувцаслалтад санаа зовж суудаг байв.

 Мөн өнгөрсөн хугацаанд төрийн түшээдийн сэнтийд суухдаа санаачилсан хуулийн төслөөсөө эргэж буцсан, хэлсэн үгэндээ ороогддог туйлбаргүй гишүүдийн нэг байв. Тухайлбал Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлж, тус хуулийн төслийг нэр бүхий гишүүдтэй хамтарч өргөн барьсан. Гэтэл хуулинд тусгасан  “Гаднын иргэн байнга оршин суух зөвшөөрөл олгохтой холбоотой заалт” заалт олны хэл аманд өртөж эхэлхэд “Би ийм хуулийн төсөл өргөн мэдүүлээгүй” хэмээн мэлзэж байв. Үнэхээр тэр гуя дагаж хүзүү гэгчээр дагаад намирчихсан юм уу эсвэл олны хэл амнаас айсандаа худлаа хэлсэн үү аль ч байсан итгэхэд хэцүү түшээ гэдгээ харуулав.

Заа тэгээд дахин нэр дэвшдэг ч бай, сонгогдсон ч сонгогдоогүй ч түмнийг төлөөлж төр түшилцэхэд олондоо мэндтэй устай, олон нийтийн санал бодлыг сонсдог байвал зохилтой шүү гишүүн ээ. 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.