Багш нарт мянган зовлон байна Л.Энх-Амгалан сайд аа

2024-05-02 13:35:00

Монголын боловсролын салбар уг нь толгойлоод аваад явах сайдтай. Гэхдээ сайд нь учраа олдоггүй ч юм уу улс нь дэмждэггүй ч юм уу багшийн ажлын хүнд хэцүү одоог хүртэл хэвээр.

Толгой өндийх завгүй хүний хүүхдүүдийн сурах их үйлд анхаарсан багш янз бүрийн тайлан, бичиг цаасны ажил нь дийлдэх юм биш. Үргэлжлээд хүүхдийн хүмүүжил, гэрийн даалгавар, эцэг эхийн зан аашийг олох, цахимаар хурал цуглаанд суух гээд л ажил хөвөрнө.

Гэтэл үүн дээр нэмээд цалинтай уялдсан дарамт бас ирдэг аж.  Улс орон даяар дөрөвдүгээр сарын 29-нөөс тавдугаар сарын 3-ны өдөр хүртэл ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлыг үнэлэх ажил эхлэв. Харин энэ ажил жил бүр шударга бус аль болох багшид муу үнэлгээ өгөөд гүйцэтгэлийн нэмэгдэл олгохгүй гэж чичирдэг тухай багш нар ярьж байна.

Үзэх ёстой хичээлийн хөтөлбөрт байхгүй дээд түвшний ангид үздэг хичээлээр шалгалт авч, шалгалтын материалыг багш нарт харуулахгүй нууцалж, тэр ч бүү хэл хэн гэдэг хүүхдээс ямар хичээлийн шалгалт авч байгааг багш нарт нь хэлэхгүй байгааг тэд шүүмжилж байна. 

Жишээлбэл, 3 дугаар ангийн математикийн шалгалт авахдаа 4 дүгээр ангид үзэх ёстой хичээлийн  агуулгаар авч, хүүхдүүд үзээгүй хичээл учраас мэдэхгүй гээд хоосон цаас хураалгасан гэх тохиолдол ч гарчээ.

Үзээгүй хичээлийг хүүхэд яаж ч мэдэх билээ. Дээрээс нь шалгалтын дараа багш нь сурагчдаас ямар шалгалт авсан бэ гэдгийг ч нууцалж, багшид нь материалыг нь харуулахгүй байгаа гэв. Уг нь багш нь сурагч юун дээр алдсан гэдгийг мэдэх эрхтэй баймаар.

Боловсролын үнэлгээний төвөөс энэ талаар тодруулахад “Манайхаас даалгаврын хүрээгээ тогтоогоод гаргасан. Гүйцэтгэлийн үнэлгээ дөрөвдүгээр сарын сүүлээр хийгдэж байгаа учраас сургалтын хөтөлбөр, сурах бичгийн дарааллын дагуу тавдугаар сард судлагдах агуулгыг оруулаагүй. Үзсэн агуулгын хүрээнд л авахаар байгаа” гэв. 

Боловсролын үнэлгээний төвд яг үнэлгээ хийхээр, үнэлгээний шалгалтын материал боловсруулж чадахаар ажилтан байна уу Л.Ганбат дарга аа???

Танай байгууллагаас авч буй шалгалт бүр дээр багш сурагчдаас гомдол ирж байгаад хяналт, зохицуулалт, шинэчлэлт хийх боломж байхгүй юу? 

Гурван жилийн өмнөөс гүйцэтгэлийн үнэлгээгээр цалингийн нэмэгдэл авах болсон багш нар энэ шударга бус үнэлгээг ийн эсэргүүцэж байна САЙД АА.

Сайн багш өндөр цалин авна гэдэг чинь хөрсөн дээрээ буухгүй  шударга бусаар үнэлэгдээд байна шүү дээ.

2023 онд үнэлгээнд хамрагдсан багш нарын 51.7 хувь нь урамшуулал авсан байна. Нийт багш нарын дөнгөж 50 хувь. Хэрэв үнэхээр багшийн ажлыг сурагчдын амжилтаар үнэлж байгаа бол түвшинд нь таарсан агуулгаар шалгалт авах, шалгалтын дараа шалгагдсан багшид сурагчдын материалыг үзүүлдэг байх хэрэгтэй.

Цалин хөлсийг нь ажлын ачаалалтай харьцуулахад тэнгэр, газар шиг зөрүүтэй байгаа учраас мэргэжлээрээ ажиллах сонирхолгүй болох нь зүйн хэрэг.

Танай салбар боловсон хүчний дутагдалд орох нь мэдээж. Захирал нь засагтайгаа засаг нь яамтайгаа нийлээд багш нараа дарамтлаад байж болохгүй. Хэрэв одоо ажиллаж буй хугацаанд багш нарынхаа мянган зовлонг сонсоод засаад сайжруулаад өгчихвөл таны улстөрчийн их ажилд тустай сан даа САЙД АА...

Багш нарын зовлон үүгээр ч дуусахгүй. Цахим болж байгаа нэртэй багш нарын ачааллыг хөнгөлж байгаа хэмээн олон нийтэд мэдээлж, попорч  байхад чинь багш нарын нуруун дээрх ачаалал хоёр дахин нэмэгдчихлээ. Тэд хичээл заахаас гадна цахимд бүх зүйлээ шивж оруулах, бүр цаасан дээр тэр бүхнээ бүртгэлжүүлнэ гээд ажил нь дуусахгүй. Бодит байдал дээр удирдаж байгаа салбар чинь ямар нөхцөлд байгааг нэг шалгаж үзээч ЭРХЭМ САЙД АА...


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.