Төрийн төлөө оготно гэгчээр Солонгосчуудын төлөө Д.Өнөрболор боож үхэх нь
2024-04-30 13:49:00
Эрх барих дээд байгууллагын хойморт тухалчихаад хүүхдийн паркийн газраас хумсалж суугаа нэгэн дээрэмчин бол УИХ-ын гишүүн Д.Өнөрболор юм.
Тэрбээр 2020 оны УИХ-ын сонгуулийн 13-р тойрог буюу Сэлэнгэ аймагт МАН-аас нэр дэвшиж сонгогдсон. Парламентад сонгогдсон гишүүдээс хамгийн баян гишүүн. Мөнгөтэй эрх мэдэлтэйдээ барддаг ч юм уу ард иргэдийг тэнэг гэж боддогтоо ч юм уу дөрвөн жил чим чимээгүй ямбалан сууж байснаа одоо гэнэт саран ижийгийн дүрд тоглоод тойргоо услаад яваа сурагтай.
Ард иргэдийг сайхан царай, үг хоёроороо хуураад сурсан Д.Өнөрболор 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан М.Энхболдыг мэтгэлцээнд орохоор бэлтгэж байхад ингэж зөвлөсөн гэлцдэг.
“ Ээ даргаа Сарандаваад итгэдэг ард түмэнд юу ч гэж хэлсэн яадаг юм. Ард түмэн чинь цагаан цаас шүү дээ”
хэмээн зөвлөж байгаад өөрөө дараа нь гишүүний сэнтийд тухлав. Гишүүний албан тушаалд хүрснийхээ дараа тэрээр заримдаа чуулганы танхимд сууж байгаа ч сэтгэл санаа нь өөр газар байдаг юм уу гэлтэй мэдрэмжгүй зүйлс ярьдаг.
Жишээлбэл: Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр
“Улс орны нийгэм эдийн засагт онцгой ач холбогдол бүхий хуулийг хариуцлагатай хэлэлцэн батлахын оронд эрэмбэ хүлээж болох аар саар асуудалд цаг заваа үрж сууна. Нүүрсний хулгай, Хөгжлийн банк, ЖДҮ-г залгисан асуудалд УИХ дүр эсгэсэн, иргэдийн амьдрал, хувийн хэвшилд нэмэр тусгүй, зарим талаараа сөрөг нөлөөтэй зүйлс хэлэлцэж суухын оронд ард иргэдийн бухимдлыг дээд зэргээр төрүүлээд буй улс орноо дээрэмдэж тоносон асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх нийгмийн захиалга үүсээд буйг анхаарах хэрэгтэй байна. Тиймээс дээрх асуудлаар холбогдох албан тушаалтныг дуудан ирүүлж, гишүүдэд ил тод мэдээлэл өгөх хэрэгтэй байна. Нээлттэй сонсгол зохион байгуулахыг шаардаж байна.”
гэж гомдоллоход УИХ-ын дарга Зандашатар: "Д.Өнөрболор гишүүн чуулганд идэвхтэй оролцож бай. Дээрх асуудлаар хянан шалгах түр хороо гарсан. УИХ-аас гадуур зүйл байхгүй" гэж мад тавив.
Аль хэдийн түр хороо байгуулаад хэлэлцэгдсэн асуудлын араас нь худлаа дүр эсгэн илт иргэдээс оноо авах гэсэн үг чуулганы танхимд хэлж байгаа нь л энэ. Ийм харицлагагүй, ёс зүйгүй тулдаа л нийтийн эзэмшлийн талбайгаас бүр хүүхдийн паркаас хумслаад сууж байгаагаа юман чинээ бодохгүй өөрсдийн эрх ашгаа бодоод хэрэлдэж суугаа биз.
Түүний хамаарал бүхий “Сөүл” ресторан өөрийн эзэмшлээ хэтрүүлэн газар ашиглаж байгаа тул үүнийгээ чөлөөлж өгөхийг нийслэлээс шаардсан. Гэтэл тэд хэрэв дээрх газрыг чөлөөлчихвөл "Сөүл" рестораны үйлчлүүлэгчид автомашинаа тавих талбайгүй бол улмаар ресторан хаагдан 150 гаруй хүн ажилгүй болно гэж гоншигножээ.
Тэгээд ч зогсохгүй төрд төлөөний хүнээ суулгачихсан тул ичих айх зүйлгүйгээр хэвлэлийн хурал зарлан “Сөүл” рестораны гадаах зогсоолыг ногоон байгууламж болгохыг эсэргүүцэж байна. Тухайн рестораныг ерөнхий захирал У Хем Ён хэрэв энэ газрыг бидэнд өгөхгүй бол хоёр орны найрамдалт 70 жилийн харилцаанд сэв сууна гэж заналхийлжээ.
Монголын үрсийн амьсгалах агаарыг машины утаагаар утаж, амрах зугаалах талбайгаас нь хумслаж байж гэмшиж толгой гудайхын оронд улс нийтээр нь ингэж шантаажилж буй Өнөрболорт итгэснийх биз.
Гэхдээ Өнөрболор гишүүнээ та бол Монголын ард түмний нийтлэг эрх ашгийг хамгаалах бидэнд үйлчлэх ёстой бидний төлөөлөл болохоос Солонгосчуудын төлөөлөл биш. Та одоохондоо хуулийн хүрээнд энгийн бизнес эрхлэгч биш тангараг өргөсөн УИХ-ын гишүүн. Харин ирэх сонгуульд Дархан Сэлэнгэ Төв аймгийн сонгогчид цагаан цаас шиг гэнэн байхаа больсон. Тэд хэрсүү сонголт хийх биз ээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.