АН VS МАН: С.Зоригийг ерөнхий сайдад нэр дэвшүүлж байсан гэж худлаа хэлэх хэрэггүй

2024-04-26 11:34:00

Өнгөрөгч амралтын өдрөөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ардчилсан нам Ц.Элбэгдоржийн фракцтай дайн эхлүүлж байгаагаа мэдэгдэж Б.Булганаар ярилцлага өгүүлсэн. Энэ ярилцлагын үеэр  нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг амь насаа алдахын өмнөхөн Ерөнхий сайдад нэрийг нь дэвшүүлэх асуудлыг нам яриад гэртээ очоод 18 удаа хутгалуулж нас барсан гэдэг зүйлийг ярьсан.  Харин үүнд ардчин намын дарга асан С.Эрдэнэ эгдүүцжээ.

Тодруулбал, С.Зориг гэдэг хүнтэй нэг ч үг солиогүй,  тэр үеийн нийгэм улс төрийн нөхцөл байдал ямар байсныг огт мэддэггүй хүмүүс  бараг цуг нэг гэрт амьдарч байсан юм шиг үнэлэлт дүгнэлт өгөөд, тэр үед хамт тэмцэж байсан нөхдийг нь буруутгаад, тэр үеийн улс төрийн нөхцөл байдлыг буруу дүгнээд яваад байна. Жишээ нь ардчиллынхан С.Зоригийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлснээр амь насыг нь хорлочихсон юм шиг,  ардчиллын нөхөд нь бараг С.Зоригийнхоо амь насанд буруутай юм шиг PR- ыг явуулах гэж ядаж байна. Харамсалтай нь тийм биш. Би тухайн үед МҮАН -ын гишүүн, Нийслэлийн Ардчилсан намын дарга байсан хүний хувьд хэлэхэд  сүүлийн үед захиалгатай ч гэмээр “С.Зоригийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн асуудал яригдаж байсан” мэтээр худал ярих хэрэггүй гэв.

Мөн тэрбээр аливаа юм баримтанд тулгуурлах ёстой. Тэгвэл тэр үеийн хурлын протокол шийдвэр хаана байгаа юм. Хэн ч зохиогоод ярьж чадна. Нотлох баримтад суурилж асуудлыг ярих ёстой. Тухайн үед МҮАН-ын ерөнхий зөвлөлийн хуралдаан дээр С.Зоригийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх тухай санал санаачлага огт гарч байгаагүй. Би энийг намын удирдлагад байсан хүний хувьд, удирдах байгууллагын гишүүн байсан хүний хувьд хариуцлагатай хэлнэ. Гадуур С.Зоригийг Ерөнхий сайд болгох нь зүйтэй , ёстой гэдэг юм уу хувь яриа явж байсан байхыг үгүйсгэхгүй. Албан ёсоор бол манай намын удирдах байгууллага дээр энэ асуудал яригдаж байгаагүй. Тухайн үед би С.Зоригтой ойр, найз нөхөд байсан хүний хувьд зан чанар, онцлог олон зүйлийг мэднэ. Тэр хүнтэй ойр байснаараа далимдуулаад тэр хүний үхлээр өнөөдөр улс төр, бизнесийн ашиг хонжоо олох гэсэн этгээдүүдэд хэлэхэд зохиомол зүйлийг битгий бий болгоорой гэж хэлэх байна. Нийгэмд энэ хүний үхлээр улс төр хийдэг бизнес чинь дуусаагүй юм уу.

Ялангуяа энэ хүний үхлээр улс төр болон бизнесийн ашиг хонжоо маш олон хүн их хийлээ шүү дээ.

Тухайн үед Цагдаагийн ерөнхий газрын дарга байсан хүн /хурандаа Ц.Мөрөн/ хүртэл “Би УИХ -ын гишүүн болчихвол энэ хэрэг илэрнэ” гээд УИХ -д сонгогдсон.  Хэрэг илэрсэн нь хаана байгаа юм. Тухайн үед олон юм ярьж байсан Хууль зүйн сайд хийж байсан хүний хийсэн ажил хаана байгаа юм.

Гурван шатны шүүхээр гэм буруутай нь тогоогдсон, өчнөөн зуун хүн гүйцэтгэх ажилд нь ажиллачихсан гэмт хэргийг яагаад хуйвалдаан гэж үзээд байгаа юм.  Өчнөөн зуун хүн хоорондоо хуйвалдчихсан юм уу.  Хоёр юм уу, гурван хүний хүрээнд асуудал шийдэгдсэн бол хуйвалдаан байсан гэж үзэж болохсон. Гэтэл өч төчнөөн зуун хүн, хууль хяналтын байгууллагынхны хамтын ажиллагаан дунд хэргийг мөрдөн шалгаж, илрүүлж байгаа шүү дээ. Энэ дунд хуйвалдаан хийх боломжгүй. Хэрвээ тэр хуйвалдаан гэж байсан юм бол Монголд хуулийн засаглал гэж байхгүй юм байна, шүүхэд итгэх итгэл гэж байхгүй юм байна. Прокурор цагдаад итгэх боломжгүй юм байна гэдгийг харуулсан үйл явдал. Хэнд итгэх юм. Монголын төр юун дээр оршин тогтнож байгаа юм. Ийм тэнэг үйлдэл хийж болохгүй шүү дээ. Одоо тэгээд хэдэн тэрбумаар нөхөн олговор шаардаад, боль л доо. Энэ улс төрийн жүжгээ хэзээ дуусгах юм. Монголчуудын хувьд гамшиг шүү дээ. Монголчууд ярьдаг.  Энэ хүний сүнсийг тайван байлга, нэр хүндийг нь бод. Ямар гэм хийсэн гэж мөлжөөд байгаа юм. Ойр дотно байсан хүмүүс нь болчимгүй үйлдэл хийгээд байгаад харамсч байгаа” гэлээ.

Одоо харин үүнд Л.Оюун-Эрдэнэ сайд ямар найруулгатай жүжиг бэлдэхийг хүлээж сууя.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.