Эмийн тендерийн наймаачин С.Энхболд тойргоо усалж явна
2024-04-23 16:45:00
Эмчийн цагаан халаадны цаана ямар булхай луйвар, эрх ашиг явж байдагийн зах зухаас эмийн сонсголын үеэр бид мэдэж авлаа. Тэдний нэг нь ковидын үед Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан одоогийн эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд.
Засгийн газраас ковидын зардал гэж 3 их наяд орчим төгрөг төсөвлөсөн. Гэхдээ энэ их мөнгөний зарцуулалт тайлан одоог хүртэл тодорхой биш. Харин хэн яаж өөртөө ашигтайгаар зарцуулж байсан нь зах зухаасаа илэрч байна.
Тодруулбал, Эмийн сонсголд гэрчээр оролцсон Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын захирал асан Б.Цэцэгсайхан ковидын үеэр Хятадаас оруулж ирсэн 10 оношлуур тутмын 8 нь ажиллахгүй байсан ч сайд тушаалаа засна худалдаж ав гэх тушаал өгч байсан талаар хэлэв.
Тэрбээр “1.5 тэрбум төгрөгийн төсөвтэй ковидын оношлуур авах үүрэг өгөөд тендер зарлаад явж байтал гэнэт тендерээ цуцлах шийдвэр ирсэн. БНХАУ-ын нэгэн компаниас яаралтай 200 мянган оношлуур ав гэж үүрэгдсэн. Тухайн үед бид 5 хоногийн дотор авч ирээд агуулахдаа дөнгөж оруулж байтал дахиад 200 мянган оношлуур авах үүрэг өгсөн. Тухайн үед С.Энхболд сайдын тушаал дээр оношлуурын мэдрэг чанар 99,9 хувиас дээш байна гэдэг шалгуур байсан. Гэтэл Хятадаас яаралтай худалдаж авсан оношлуурын мэдрэг чанар 20 хувьтай буюу 10 оношлуур тутмын 8 нь ажиллахгүй байсан. Энэ тухай сайдад танилцуулахад тушаалаа засчихна зүгээр худалдаад ав гэсэн. Ийм асуудалтай оношлуурыг 2021 оны 3 сарын 28-нд худалдан авч, 480 мянган долларыг Хятадын компани руу шилжүүлсэн байсан” гэдэг мэдээллийг өгсөн.
Тэгэхээр ковидын үед оношлуур ажиллахгүй байснаас маш олон хүн буруу оношлуулж өвчнөө хүндрүүлсэн, архагжуулсан гэсэн үг. Ковидын тархалт зогссоны дараагаас монгол улсад зүрх судас, бамбай, уушгины өвчлөл нэмэгдсэн. Цэл залуу хүмүүс гэнэт зүрхний шигдээс тусаж нас барсаар байсан. Ковидын цар тахалд эмч ажилтнууд туйлдуулж гүйцэв. Аргаа бартлаа ажиллаж, олон хүний зовлонд сэтгэл нь эмтэрсэн эмнэлгийн ажилтан ажлын байрныхаа цонхоор үсэрч амиа хүртэл алдаж байв.
Эрдэнэт хүний амь нас золбин нохойн хэмжээнд үнэлэгдэж эрүүл энхийн манаанд тангараг өргөсөн эмч нар иргэдээ алагчилж эмнэлгийн үүдэн дээрээ үхүүлэх хүртлээ ёс зүй, оюун санааны хувьд доройтож ядарснаа батлаж байлаа. Харин энэ зуур салбарын сайд нь өөрийн бизнесээ л цэцэглүүлж байв.
Сайд өөрөө “Мөнхийн тун” гэх эм ханган нийлүүлэх компанитай хамааралтай гэх мэдээлэл эмийн сонсголын түр хорооны шинжээчид танилцуулав. Тус компани 1992 оноос хойш эмийн сан худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байснаа С.Энхболдыг сайд болсноос хойш эм ханган нийлүүлэх, импортлох, эм үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж өргөжжээ.
С.Энхболд сайд тус компанитай хамааралтай гэдгээ өнөөдөр л мэдлээ гэж гүрийж байсан ч түүнийг хугацаа нь дууссан эм эмнэлгүүдэд хүчээр шахдаг тухай салбарын хүмүүс нь мэдээлэв.
Тухайлбал, Өргөө амжиржих газрын даргаар ажиллаж байсан Ж.Энхцэцэг “Хамгийн хүнд хүүхэд хүлээж авдаг ЭХЭМҮТ-д үйлчлүүлж буй үхэл амьдралын зааг дээр байгаа хүүхдүүд рүү хугацаа нь дууссан 29 тэрбумын эмийг Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд өөрөө шахсан байна шүү дээ. Өөрөө ийм булхайтай ажилладаг тул эм шинжилдэг байгууллага оруулж ирэхэд 6 тэрбум төгрөг шаардлагатай, шийдээд өгөөч гэхэд шийдэж өгөөгүй” гэв.
С.Энхболд сайдаар ажиллаж байхдаа асуудалд орсон доод ажилтнууддаа тэр дор нь арга хэмжээ авч ажлаас халдаг байв. Харин өөрөө одоог хүртэл дэд сайдын албан тушаалд суугаа нь улс төр дэх түүний хамаарал тэр чинээний том гэсэн үг.
Эрүүл мэндийн яамны хамаг тендер мөнгийг цөлмөөд шунал нь цадаагүй тэрээр энэ жил сонгуульд өрсөлдөх сурагтай. Баруун бүсэд нэр дэвшиж магадгүй гэх таамаг байна.
Таамгийг батлах шиг дэд сайд цагаан халаадаа өмсөөд чагнуур зүүгээд, баруун бүсээр тойрч явна. Иргэдийн эрүүл мэндээр тоглож, сэглэж явсан энэ хүнд ичих нүүр гэж алга. Харин сонгохгүй байх боломж бидэнд бий...
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.