Б.Бямбадоржийн даргын хэнээ ба шуналын хэнээний тухай А-Я

2024-04-17 14:15:00

Даргын суудлын даллагатай ч даанч сэтгэлгүй Б.Бямбадоржид эрүүл мэндийн салбар дэндүү ээлтэй хандаж иржээ. 1999 оноос хойш эрүүл мэндийн салбарт тасралтгүй даргын суудалд суухдаа төрөөс төрсөн тэрбумтан боллоо.  

Нийгмийн хамгийн эмзэг төдийгүй их хэмжээний хөрөнгө мөнгө урсаж байдаг эрүүл мэндийн  салбарт Б.Бямбадорж ингэж даам гарчээ.

Анх Улсын нэгдүгээр төв эмнэлгийн даргаар ажиллаж байхдаа "Эрин" хэмээх дотрын тасаг тэр дундаа бөөрөөр дагнасан эмнэлгээ байгуулж байсан. Одоо энэ эмнэлэг нь "Шинонмед" нэртэйгээр үйл ажиллагаа явуулж буй. Үүнийг одоо түүний эхнэрийн төрсөн дүү Ц.Оюунгэрэл хариуцан ажиллуулдаг.

Б.Бямбадоржийн гэр бүлийн энэ эмнэлэг ковидын үед төрөөс 1 тэрбум 367 сая 550 мянгыг авч иргэдэд үйлчилсэн нь Б.Бямбадоржийг нийгмийн эрүүл мэндийн газрын даргаар ажиллах байх цаг үед. Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй хувийн болон улсын маш олон эмнэлэг бий. Тэдгээр эмнэлгүүд Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжигдэж буй ковидын тусламж үйлчилгээ үзүүлэх орны тусгай зөвшөөрлийн тендерт шалгараад ажиллачих сонирхол мэдээж байгаа. Гэтэл Төрийн өндөр албан тушаалтан хүн өөрийн хувийн эмнэлэгтээ тендер авч, тэрбумаар яригдах их хэмжээний мөнгийг ЭМД-ын сангаас гаргуулан авсан нь Б.Бямбадоржийн ашиг сонирхлын зөрчил хэтийдсэнийх.

Зуд болоход нохой зоолж, зовлон болоход лам таргална гэгчээр ковидын халдварын голомтыг бууруулах чиглэлд бодлого боловсруулж, нийслэлийн дүүргүүдийн эрүүл мэндийн байгууллагыг удирдлагаар хангаж ажиллах учиртай Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж ийнхүү хувийн эмнэлгээрээ дамжуулан цар тахлаас тэрбум, тэрбумаар нь ашиг хийжээ.  

Мөн НЭМГ-т Улсын төсвөөр нэн шаардлагатай тоног төхөөрөмж болон ковидын шинжилгээ авч баталгаажуулдаг пос машиныг худалдан авч ашиглаж байж. Гэтэл нэг өдөр тухайн шинжилгээ авч хариу гаргадаг пос машин НЭМГ-аас ор сураггүй алга болжээ. Гэтэл НЭМГ-т Аудитын шалгалт орж, өртөг өндөртэй тоног төхөөрөмж алга болсон асуудал нь илэрсэн. Ийнхүү Эрүүл мэндийн салбарт үйл ажиллагаагаа явуулж буй хувийн болон Улсын тодотголтой эмнэлгүүдэд гэнэтийн хяналт шалгалт хийжээ. Энэ аудитын шалгалтаар НЭМГ-ын дарга Б.Бямбадоржийн хувийн эмнэлэг болох "Шинонмед" эмнэлгээс тус улсын төсвөөр худалдан авсан ковидын шинжилгээ авч, хариу шивдэг пос машин олдсон байдаг.  

Түүнчлэн Б.Бямбадорж 2018 онд ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа  Говьсүмбэрийн 100 ортой эмнэлгийн тендерийг авч өгье. Нэг тэрбум төгрөг өг гэж нэгэн гавьяат барилгачинд санал тавьсан тухай мэдээлэл байдаг. Мөн Дорноговийн 100 ортой эмнэлгийн ажлын хэсгийг хуралдуулахгүй нэг сар гацааж, “Сонгинохайрхан дүүргийн эмнэлгийн менежментийн багийн тендерийн сонгон шалгаруулалт дуусч хаанаас ч ямар ч гомдол гараагүй байхад компанитай гэрээ байгуулахгүй гурван сар гацааж шалгараад дууссан тендерийн нөхцөлийг Б.Бямбадорж дарга өөрчил гэж тушаажээ.

Энэ мэт Б.Бямбадорж эрүүл мэндийн салбарт сэтгэлгүй хандаж өөрийнхөө түрийвчийг зузаалсаар баттай ар талаа бэлдсээр байдаг тул түүний даргын зөөлөн сэнтий өдийг хүртэл хэвээр.  

Мөн Б.Бямбадорж нь “Хүчилтөрөгч өтгөрүүлөгч тоног төхөөрөмж худалдан авах ажил”-ын тендерт хувийн ашиг сонирхлоор ханджээ.

Тодруулбал, НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2021 оны хоёрдугаар сарын 5-ны өдрийн №02 тоот тогтоолоор баталсан “Үнэлгээний хороо”-ны бүрэлдэхүүнд ажиллах иргэдийн нэрсэд батлагдаагүй, мэргэжлийн байгууллагын төлөөллөөс бус бүр ТББ-аас хоёр хүнийг оролцуулжээ. Түүгээр ч зогсохгүй энэ тендерт хамгийн бага үнийн санал хэлсэн “Космос тех Монгол” ХХК-ийг шалгаруулах чиглэл өгсөн байдаг. Харин энэ компани нь түүний хамаарал бүхий компани болохыг өчигдрийн эмийн сонсголоор шинжээчид ил болгов.

Б.Бямбадоржийн даргын хэнээ, шуналын хэнээ хязгааргүй. Үргэлж даргын суудалд суудаг тэрээр өөрийг нь шүүмжилсэн хүмүүсийг ажлаас нь халах, арга хэмжээ авах зэргээр зоригийг нь мохоож, ажиллах орчныг нь боогдуулдаг гэдэг яриа эрүүл мэндийн салбарт жиг жуг байнга яригддаг сэдэв.

Заа манай улсын урдаа барьдаг эмнэлэг, ЭМЯ, НЭМГ гэх мэт чухал чухал газар удирдах албан тушаал хашиж явсан Б.Бямбадоржийн даргын хэнээ, шуналын хэнээ хязгааргүй. "Амташсан хэрээ арван гурав нахина" гэгчээр түүнийг даргаар томилоод л байвал тэр эрүүл мэндийн салбарыг цөлмөж дуусах вий..

 

 

 

 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.