Үнэгүй монгол төгрөг
2024-03-26 10:13:00
Монгол орныхоо баруун хязгаараар аялж явахад сүндэрлэн харагдах уулс, сүүмийн үзэгдэх зэрэглээ, мяралзан урсах гол мөрөн, нүд баясгам ногоон зүлэг дурайн харагдана. Байгалийн сайхныг бишрэн харж, сэтгэл баясан явахад зам даган хаягдсан архины шил, рашаан булаг, уул овоон дээр тавьсөн мөнгөн дэвсгэрт гуниг төрүүлнэ. Тусгаар тогтнолын баталгаа болсон төрийн сүлд, алтан соёмботой, үндэснийхээ мөнгөн тэмдэгтийг цаасан хэлбэрээр хэвлэж хэрэглэдэг болоод 94 жилийг хэдийнэ ардаа үджээ. Наян насыг зооглож яваа өвөө минь “ Түрийвч дээр үед элбэг байсангүй, мөнгө ч бас одоогийнх шиг эдэлгээ сайтай хэвлэгдэж байгаагүй. Гэхдээ мөнгөнд их хүндэтгэлтэй хандаж, өөрсдийн гараар уут хийж хүзүүндээ зүүдэг, баадагнан ороож хадгалдаг байсан. Одооны хүүхдүүд мөнгөтэй болох хүсэлтэй мөртлөө хэрэглэхдээ их хайнга ханддаг болжээ ” гэж хуучилсан юм.
“Хорин сайхан шарыг минь хоёрхон хулгана идчихлээ” гэж үү гэж нэгэн киноны дүр халаглан хэлдэг санаанд оров. Тэр үед хамгийн найдвартай мөнгө хадгалах газар нь хоймор дахь эрээн авдар байжээ. Одоо бол бэлэн бус төлбөр тооцоо өргөжиж, хадгаламж, картын хэрэглээ нэмэгдэж байна. Түрийвчний хэмжээ, загвар хийц маш өргөн сонголттой болсон. Гэсэн хэдий ч хэрэглээний соёл муу байгааг олон жишээнээс харж болно.
Мөнгөн дэвсгэртийг уул овоо, лус савдагийг тахих, суварга босгоход дотор нь мөнгө хийх, шинээр байшин барихад зориулж газар ухаж хийж булах, сугалаа хонжвор, үзвэрийн билетийг дагуулж 1 ширхэг дэвсгэртийг цоолж худалдах гэх мэтчилэнгээр гүйлгээнд орохгүй, газарт булагдаж, хээрийн салхинд гандаж, овоо болгоны чулуун доор дарагдаастай байна.
Мөн бурхан тахилынхаа өмнө шинэ мөнгөн дэвсгэртийг боодлоор нь өрөн тавьсаныг зарим айлд зочлохдоо харж болно. Цахим орчинд “ Хэрэв мөнгө тогтоох хүсэлтэй байгаа бол хоёр долларын дэвсгэрт түрийвчиндээ авч яв. Аравтын дэвсгэрт дээр мөнгө дуудах тарни бичиж хадгал. Тэгж ингэж нугалж хий” гэсэн зөвлөгөө нийтлэгдэж мөнгөний буруу хэрэглээнд уриалдаг. Иргэд ихэвчлэн карт хэрэглэдэг болсон боловч скочтой, усанд угаагдчихсан, нугалж базсан, урагдсан мөнгийг өмд, цамцны халаас, оймсноосоо гаргаж ирж төлбөр тооцоо хийх тохиолдол багагүй байдаг талаар хүнсний дэлгүүрийн худалдагч эмэгтэй хэлж байсан юм. Дэлгүүрт хэсэгхэн зогсоход гартаа мөнгөн дэвсгэрт базчихсан орж ирж байгаа багачууд цөөнгүй. Эцэг эх нь мөнгөтэй яаж харьцаж байгаа нь хүүхдүүдийн нүдэн дээр ил байдаг тул зөвөөр үлгэрлэх хэрэгтэй. Мөнгөн дэвсгэрттэй зөв харьцаж сураагүй хүн, хуримтлал хийх, зөв зохистой зарцуулах эсэх нь эргэлзээтэй.
Банкинд 10 гаруй жил ажилласан теллер А: “ Нэг дурсамж хуваалцахад, шатахуун түгээгүүрийн газраас ирсэн мөнгөнөөс бензин, гандангийн мөнгөнөөс арц зэрэг үнэртдэг байлаа. Автобусны цахим карт гарахаас өмнө мөнгөө зорчигч хайрцагт өөрөө хийж байх үед хүмүүс таван зуутын дэвсгэртийг хоёр хувааж урж тасдан, нөгөө талд өөр жижиг дэвсгэрт наан төлбөр хийж байсан тохиолдлууд гарсан. Мөнгөн дэвсгэртийн гуравны нэгээс илүү хувь нь алга болсон, хоёр өөр дэвсгэртийг эвлүүлж наасан, муудаж гэмтсэн, дүрсний дийлэнх хэсэг нь мэдэгдэхгүй болсон зэрэг дэвсгэртийг муу, хүчингүй дэвсгэрт гэж ялган Монгол банкинд хүргүүлдэг” гэв.
Монголбанк мөнгөн тэмдэгтийг үйлдвэрлэж, гүйлгээнд гаргах, устгалд оруулах онцгой эрхийг эдэлдэг. Үйлдвэрлэх, гүйлгээнд гaргах, тээвэрлэх, устгах, тоолох гээд шат болгонд зардал гарна.
Монгол банкны мэдээлснээр, Монгол банкинд өдөр бүр арилжааны банкуудаас устгалд оруулах гэж муу болон хүчингүй мөнгө тэмдэгт ирдэг байна. Иргэд мөнгөн тэмдэгтийг янз бүрээр муутгадаг. Жишээ нь, хулгана мэрсэн юм шиг, хэд хэдэн янзаар нугалж, тасарч унахад бэлэн болсон, зураг зурсан, тэмдэглэл бичсэн, мөн гар хүрэхэд хурууны өндөгүүд хир болохоор маш их бохирдолтой мөнгө гүйлгээнд орж байна. Судалгаагаар хамгийн богино насжилттай нь 1000-тын дэвсгэрт бөгөөд 2.6 жил гүйлгээнд эргэлддэг харин 10,000-т, 20,000-тын дэвсгэрт нь хамгийн урт буюу 5.6 жилийн насжилттай юм. Монголд шинээр гүйлгээнд гаргасан мөнгөн дэвсгэрт дунджаар 3,8 жилийн турш идэвхтэй эргэлдэж элэгдэн хуучирсаар, шаардлага хангахгүй болж гүйлгээнээс гарч байна.
Монгол төгрөг маш нарийн технологиор өндөр зардалтай гадаад улсад хийгддэг. Жилд хэдий хэмжээний мөнгөн дэвсгэрт устгалд орж байгаа нь улсын нууцад хамаардаг ч багагүй зардал гардаг байна.
Мөнгөтэй зүй зохисгүй харьцсанаар, дахин мөнгө хэвлэлтийн үргүй зардал гарч, мухар сүсэгт автсан иргэдийн хаяж үлдээсэн мөнгө зах зээлд эргэлдэхгүй түгжигдэж, бохирдож хиртсэн мөнгийг хүүхэд багачууд гар дамжуулан барьж байна. Цахим банкны хэрэглээ нэмэгдсэн ч иргэдийн мөнгөтэй харьцах соёл дээшлээгүй нь хүчингүй дэвсгэрт өдөр бүр Монгол банкинд хүргэгдэн ирж, зардал гарч байгаагаас харж болно.
Өдөр тутам мөнгөтэй харьцахдаа зориулалтын хэтэвчид хийж, ариг гамтай эдэлсээр зардал хэмнээд зогсохгүй, хүүхэд, залууст зөв үлгэр дуурайлал болно. Төрийн сүлд, алтан соёмботой мөнгө дэвсгэртийг үрчийлгэх, урах тасдах, бохирдуулахаас зайлсхийж, уул овоонд өргөх мухар сүсэгээс татгалзах цаг иржээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.