Утааны сонсгол хийе!
2024-03-20 09:06:00
Улаанбаатар утаатайгаа тэмцээд хэмжээлшгүй их мөнгө, цаг хугацааг салхинд хийсгэв. Одоо харин агаарын бохирдлыг бууруулах хөтөлбөр түүнтэй холбогдох үйл ажиллагаанд хяналт тавьж хариуцлага нэхье.
МУ-ын Үндсэн хуулийн 16.2-т Монгол улсын иргэн “Эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй” гэж заасан. Энэхүү заалтын дагуу Монгол Улс иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулах үүднээс олон улсын эрх зүйн баримт бичгүүдэд нэгдэн орох, түүнчлэн дотоодын эрх зүйн актуудад тухай бүр тусган баяжуулах арга хэмжээг тасралтгүй авч ирсэн. Гэвч манай улсын 2 хүн тутмын нэг нь амьдардаг, тэр дундаа тухайн хүн амын 35%-ыг 0-18 насны хүүхдүүд эзэлдэг Улаанбаатар хотын иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх ноцтойгоор зөрчигдөөд олон жил боллоо.
Зөвхөн нийслэл Улаанбаатар хот төдийгүй аймгийн төвүүдийн агаарын бохирдол жилээс жилд өссөөр байна. Үүнээс үүдэлтэй иргэдийн эрх зөрчигдсөнөөс Амьсгалын замын өвчлөл, нас баралт
Зүрх судасны тогтолцооны өвчлөл
Хордлого,
харшил
Хорт хавдар,
Нөхөн үржихүйн эмгэг,
Хоол боловсруулах системийн эмгэг,
Хүүхдийн бие бялдар, оюун сэтгэхүйн хөгжлийн ялгаатай байдал
Хүн амын дархлааны түвшин буурах эмгэгүүдтэй холбоотойгоор хүн амын өвчлөл, нас баралт эрс нэмэгдэж, улсын нийт бүтээмжид их хэмжээний хохирол учруулсаар байна.
Агаарын бохирдол NO2 50% буурвал багтраа өвчнөөр оношлогдох шинэ тохиолдол 2019 онд 60 байсан 2027 он гэхэд 10 болж буурна гэсэн тооцоолол гарсан. Иймд Нийтийн сонсголын тухай хуулийн 6.2.2.ерөнхий хяналтын; 6.2.3.төсвийн хяналтын; 6.2.9.хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсголыг зохион байгуулах шаардлагыг хүргүүлж байна.
Үүгээр:
1. 2017 онд батлагдсан "Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр"-ийн хэрэгжилтэд үнэлгээ өгөх, үйл ажиллагааг эрчимжүүлж, эзэнжүүлж, хариуцлагажуулах гүйцэтгэлийг хангалуулах талаар арга хэмжээг эрчимжүүлэх,
2. Өнгөрсөн хугацааны агаарын бохирдлыг бууруулахад зарцуулсан төсвийн зарцуулалтад хяналт мониторинг хийж, төсвийн мөнгө үр ашиггүй зарцуулсан шийдвэр гаргагчдад хариуцлага тооцох, цаашид улсын төсөв батлахдаа асуудлын эрэмбэ харгалзан үзэж батлахад анхаарах,
3. Орчны бохирдлыг бууруулах, үндэсний хорооны бүтэц бүрэлдэхүүн, төсвийн зарцуулалт, үйл ажиллагаа, ажлын албаны болон хорооны үйл ажиллагааг сайжруулах, төсвийн зарцуулалт болон шийдвэр гаргах явц, сонгон шалгаруулалт зэрэг явцуудыг олон нийтэд нээлттэй болгох, цаашлаад хорооны бүтэц бүрэлдэхүүнийг чадавхжуулах, чадварлаг удирдлагаар хангахад онцгой анхаарахыг хүсч байна.
Энд дарж утааны сонсголыг дэмжиж гарын үсэг зураарай.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.