Улс төрийн их цэвэрлэгээ эхэллээ

2024-03-15 13:51:00

Энэ жил парламентын түүхэнд анх удаа 126 гишүүн сонгогдоно. Тэгэхээр өнөөдөр нээлтээ хийсэн хаврын чуулган 76 гишүүнтэй парламентын хамгийн сүүлчийнх гэсэн үг. Тиймдээ ч энэ удаагийн парламентын өмнө хариуцлага өндөр өрсөлдөөн ч ширүүн байх төлөвтэй байна.

Хаврын ээлжит чуулганыг нээж, УИХ-ын дарга Г.Занданшатар: “Хэдхэн сарын дараа Улсын Их Хурлын ээлжит сонгууль болно. Бүсчилсэн том тойргуудад өрсөлдөөн өрнөнө. Энэ бол 13 тойргоос 126 гишүүн сонгох тоон хэмжүүрийн асуудал биш, ирээдүйгээ томоор харж, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг амилуулах томоохон реформын эхлэл юм. Хот хөдөөгийн ялгааг багасгах, эдийн засгийн нөөцийг зохистой хуваарилах, хөгжлийг урт хугацааны төлөвлөлт, бодлогоор удирдах, үндэсний эв нэгдэл, тусгаар тогтнол, аюулгүй байдлыг баталгаажуулахад энэ шинэчлэл чухал ач холбогдолтой. Тиймээс сонгуулийн бэлтгэлийг сайтар хангах, холбогдох дүрэм журмуудыг батлан гаргах нь энэ чуулганы нэг чухал зорилт байх болно” гэдгийг онцолсон.

Мөн энэ парламент ачааны хүндийг үүрч эрс шинэчлэлийн баганыг тулж, элдэв гажуудлыг засахыг эрмэлзлээ гэж бүр онцлоод байгаа. Үүгээрээ 2 удаагийн сонсголоо хэлээд буй биз. Гэхдээ 2 удаагийн сонсголоос дорвитой үр дүн гараагүй, шийтгэл шийдвэр гэх зүйл гараагүй байна. Харин та бүхэнд одоо хоёр ч томоохон сонсгол үлдсэн.

Нэгдүгээрт ногоон автобус. Эдгээр сонсголыг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, П.Анужин, Д.Батлут, Ж.Бат-Эрдэнэ, Х.Ганхуяг, Ц.Даваасүрэн, Г.Тэмүүлэн нар Ж.Батсуурь, Н.Ганибал, С.Одонтуяа, ХҮН намаас Т.Доржханд нар томилогдсон.

Энэ сонсголоор хаанаас яг ямар автобус оруулж ирээд хэн хэдэн төгрөгийн цавчаа хийсэн, хэн хэнтэй хамтран ард иргэдийн татварын мөнгөнөөс хумслах гэж байсныг улаан нүүрийг нь улалзтал хэлж дараа нь хариуцлагыг нь яс маханд нь тултал мэдрүүлэх ажлыг эхлүүлж чадах юм бол эдгээр гишүүд 2024 оны сонгуульд дахин сонгогдох, ядаад ард иргэдээс онц сайн гэсэн үнэлгээ авах нь тодорхой.

Дараагийн чухал сонсгол бол газрын асуудал. Өнгөрсөн жилүүдэд нийслэлд замбараагүй газар олгосноос үүдэж, гамшиг тохиолдох, газар дагасан авлигын асуудал гээд араасаа олон асуудал дагуулж байгаа учраас энэхүү сонсголыг хийж, үе үеийн хотын дарга нар болон холбогдох албан тушаалтнуудыг сонсголд дуудахаар болсон. Энэ сонсголыг үр дүнтэй хийж чадвал хотын төлөвлөлт зохион байгуулалт өөрчлөгдөх, иргэдийн амжиргаа ч нэг шатаар ахих боломж бий болно гэж харж байна. Нэг иргэн 20-30 газар өмчилсөн , Улаанбаатар хотод гэхэд 49-72 ширхэг газар эзэмшиж буй аж ахуйн нэгж ч байна.

Гэтэл иргэдийн тодорхой хэсэг нь хуулиар эзэмших 0.07 га газраа ч эзэмшиж чадахгүй байхад танил тал, авлига, хээл хахууль, бүлэглэлийн шугамаар энэ олон газар авч байна. Нийслэлийн газар олголт болон ашигт малтмалын газар олголт ч гэсэн хууль зөрчсөөр ирсэн байж болзошгүй байна. Энэ байдлыг одоо цэгцлээд өгөөч. Мөнгөтэй нь дуртай газраа эзэмших биш Монголын баялагийг монголчууд эрх тэгш эзэмшиж хамтдаа хөгжмөөр байна.

Эцэст нь энэ хаврын чуулган бол их цэвэрлэгээний ХУРАЛ. Хэн шударга, хэн эх орноо ард түмнээ гэсэн сэтгэлтэй байгаа нь худалч хулгайчийг зоригтой илчилнэ, хариуцлагын тогтолцоо бий болгоно. Харин тэр хүнд дараагийн парламентад орох шаанс нэмэгдэнэ. Иргэдэд царайгаа таниулна. Нэг талаар энэ хаврын чуулганд ард иргэддээ ээлтэй шийдвэр гаргах нь УИХ-ын гишүүдийн сонгуулийн зальжин пи-ар байх болов уу?


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.