Шинээр байгуулах хоёр яамыг Б.Жавхлан, Л.Энх-Амгалан нар түр хариуцаж, Б.Болор-Эрдэнэ, Х.Батжаргал нар ТНБД-аар томилогдов

2022-01-06 17:26:00

Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдлаа. Хуралдаанаар Эдийн засаг, хөгжлийн яам болон Цахим хөгжил, харилцаа холбооны яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг батлав.

Эдийн засаг, хөгжлийн яамыг  Сангийн сайд Б.Жавхлан түр хариуцах юм байна. Тус яам долоон газар, найман хэлтэстэй, нийт 80 орон тоотой байх юм. Харин Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Үндэсний хөгжлийн газрын дарга асан Х.Батжаргалыг томилсон байна. Үндэсний хөгжлийн газрыг татан буулгаж, Эдийн засгийн хөгжлийн яам руу шилжүүллээ.

Харин Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг БШУ-ны сайд Л.Энх-Амгаланд түр хариуцуулж, Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Б.Болор-Эрдэнийг томилжээ. Тэрбээр Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргын албыг хашиж байсан бөгөөд тус газрыг татан буулгав.

Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлд Төрийн албан тушаалд тавих тусгай шаардлагын талаар тодорхой заасан байдаг.

  • Хуулийн 23.2.1.тэргүүн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 16-аас доошгүй жил, үүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 8-аас доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх;
  • 23.2.2.эрхэлсэн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 12-оос доошгүй жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх;
  • 23.2.3.ахлах түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх гэсэн шаардлага тавьдаг.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргаар ажиллаж байсан Б.Болор-Эрдэнэ нь төрийн албанд хоёр дахь жил ажиллаж байгаа учраас Төрийн нарийн бичгийн даргаар ажиллах хуулийн шаардлагад нийцэхгүй. Харин Х.Батжаргалын хувьд 2014 оноос төрийн албанд ажиллаж эхэлсэн бөгөөд мөн л хуулийн шаардлагыг хангахгүй байгаа юм.

 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.