СОНГУУЛИЙН ШОУ БА АХМАДУУДЫН ДРАМА

2024-01-18 15:16:00

Сонгуулийн шоу илд далд хэлбэрээр хэдийн эхэлсэн. Улстөрчид маань ч ард түмэнд таалагдах гээд л хайр зарлаад л гар барьж гүйгээд тийш ашиг, ийм хишиг тараана гээд сүйд. Өчигдөр гэхэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолын төсөл баталсан. Энэ үеэр Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Бүрэн Эрхт Төлөөлөгч(БЭТ) Ж.Ганбат цагаан сараас өмнө 116,000 орчим төгрөг 2022 оны ногдол ашиг болгож олгохыг зорино гэжээ.  Харин үүнийг ахмадууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл үүнийг эсэргүүцсэн байна.

Тэд "Хоёр жил гаруй шаардлага тавьсны эцэст "Эрдэнэс Тавантолгой" компанийн ногдол ашгийг ард түмэнд өгөх асуудлаар өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 19-нд болсон хуралдаанаар тус компанийн хувьцааны 34 хувийг иргэдэд эзэмшүүлэх тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцүүлсэн. Гэвч сая оруулсан шинэ тогтоолын төсөлд энэ асуудлыг тусгасангүй. Энэ 34 хувийг ард түмэнд эзэмшүүлснээр нэг иргэнд 1,290 хувьцаа оногдох ёстой. Энэ нь 580,000 төгрөгийг нэг иргэнд олгох учиртай гэсэн үг. УИХ иргэдийнхээ эсрэг ажиллаж байна. Тиймээс дараагийн арга хэмжээгээ авч энэ тогтоолын төсөлд бүхэлд нь хориг тавихыг Монгол Улсын Ерөнхийлөгчид шаардлага хүргүүлнэ" гэлээ.

Баялагтаа эзэн болгох бидний хөдөлгөөн үргэлжлэх болно. Ганц "Эрдэнэс Тавантолгой"-гоос ногдол ашиг аваад зогсохгүй. Үүний дараа "Эрдэнэс Монгол" дээр байгаа алтан хувьцааг амь оруулахын төлөө тууштай тэмцэнэ. Иргэн бүр нэг алтан хувьцаатай гэдгээ мэдэж авах ёстой гэх мэт сүрхий сүрхий уриалга хэлж байна. Гэхдээ муухай байна ахмадуудаа. Хэн нэгэн улстөрчийн карманы хүмүүс шиг харагдаж байна уучлаарай. Шинэ үе чинь хувьцааны ногдол ашиг нэг удаа авах биш тав тухтай сурах орчин, явдал чирэгдэлгүй эрүүл мэндийн үйлчилгээ, хүнд суртал арын хаалгагүй төрийн үйлчилгээ, зүгээр л ая тухтай амьдрах нийгэм хүсч байна. Битгий нэг удаа тараах мөнгөнд нь ач холбогдол өгөөч. Нэг удаа идэх талх биш талхны үйлдвэр бариулая. Баялагтай эзэн нь байхыг хүсвэл баялагаа өөрсдөө бүтээе. Зөв шаардлага тавья.

 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.