КИНО ТЭМДЭГЛЭЛ: ДЭЭДЭС ХЭЗЭЭ ХООЛ ӨГӨХ БОЛ

2023-11-13 11:42:00

Ирэх жилийн сонгууль хаяанд ирлээ. Улстөрийн хүрээнийхний ажил ид буцалж байна. Удахгүй гоё гоё тэнгэрийн амлалтуудаа амлана. Өдийг хүртэл үргэлж цалин тэтгэвэр нэмнэ, хүүхдийн мөнгийг тэдэн хувиар нэмэгдүүлж олгоно, зээл тэглэнэ, зорилтот бүлгийн хүмүүст тийм халамжийн мөнгө олгоно гэх мэт өгөх, олгох тухай л их ярьж бид ч тэдэнд үргэлж хууртаж ирлээ.  Энэ жил л арай ухамсартай, арай ухаалаг сонголт хийхгүй бол мөдгүй л тавцан дээрээс хоол горьдож суудаг амьдралтай боллоо шүү хүмүүс ээ. Ийм амьдралыг үзэхгүй байгаасай гэж хүсээд дараах тэмдэглэлийг хүргэж байна.

Кино эхлэхэд хөгшин залуу хоёр эрэгтэй нэгэн өрөөнд сэрнэ. Удалгүй дээрээс тавцан бууж ирж тэд хооллоно. Доошоо хэдэн давхар нь мэдэгдэхгүй энэ байшинд зөвхөн дээрээс бууж ирсэн тавцан дээрх хоолноос бүгд иднэ. Тавцан нэг л удаа буух бөгөөд хамгийн доод давхарын хүмүүст хагарсан шил л очдог. Тэдний өрөө 38-р давхарт байдаг бөгөөд энэ бол дундаж давхрага. Өөрөөр хэлбэл хүн цадахаар хэмжээний хоол үлддэг гэсэн үг.
Мэдээж хамгийн эхний давхарт амттан бүрийн дээж маш их хэмжээгээр бий. Хамгийн эхэнд тэдэнд тийм амтлаг, халуун, тэгээд их хоол ирж буй нь тэдэнд эрх мэдэл буйг харуулна. Тэд хоолноосоо идэж болно, дээрээс нулимж болно ер нь яах нь тэдний дур. Гагцхүү авч үлдэж болохгүй. Нэг давхарт нэг сарын хугацааатай байдаг бөгөөд дахиад сэрэхдээ хэдэн ч давхарт сэрж болно. Дээшлэх тусмаа илүү их эрх мэдэлтэй доошлох тусмаа хоолгүй хоцорч амьд үлдэхийн тулд нэгнээ хэмлэхээс өөр ямар ч сонголтгүй.


Энэ киноноос нийгмийн анги давхрага, хүмүүсийн зан төлөв, шунал, эрх мэдэл гээд маш олон зүйлийг эргэцүүлж болно.

Өөрөөр бол аливаа улс орон удирдаж буй хүмүүстээ хэт эрх мэдэл олгож өөрсдөө номхон хүлцэнгүй байх нь бидний толгой дээр заларсан эрхмүүдэд улам илүү шунал, улам их ахархуу дээрэлхүү зан суулгадаг аж. Дээр байгаа хүмүүс ч доор байгаа хүмүүсийнхээ гар хөлийг хумиж, зүгээр л бэлэн зүйл өгөөд хүртээж хувааж авч чадвал зол чадахгүй бол хохино гэсэн үзэл бодолтой. 

Нийгмийн давхарга хэд байгаагаас бас хүмүүсийн хүн чанар, сэтгэх чадвар хэр байгаагаас хүртээмжийн тухай асуудал яригдах ч анхнаасаа эрх мэдэл нэг газар төвлөрхөөөрөө хэзээ ч хаана тэгш эрх, эрх чөлөө байх боломжгүй болдог мэт. 

 Яг л үүнтэй адил манай төр засгийн гаргаж буй шийдвэр нийгмийн бүх давхрагад тэгш үйлчилдэг бил үү? Буцаад кино руугаа ороё. Нэлээд дээд давхарт сэрсэн нэгэн эмэгтэй өөрөө идэх хэмжээгээрээ идээд тодорхой хувь хэмжээг тавган дээр бэлдэж тавиад доод давхарын хүмүүстээ “Зөвхөн миний бэлдэж тавьсаныг л идээрэй.
Тэгээд минийхтэй яг адилханыг бэлдээд доош нь явуулаарай” гэж захидаг. Гэтэл доод давхарын хүмүүс нэг ч удаа түүний үгийг тоосонгүй. Зарим давхарын хүмүүс бүүр хоолон дээрээ гишгэнэ, шээнэ, баана, өөрийн хүссэн бүхнээ өөрийнх нь ард хүн байхгүй мэт аяглана. Эндээс л эрх мэдлээ хэн ч яаж дураараа ашиглаж болдогийг харлаа.

Ингэхэд биднийг удирдаж буй, удирдахаар зэхэж буй хүмүүс бидний гар хөлийг хүлж бэлэн хоол ам руу нэг удаа түлхээд дээр очиж заларсаныхаа дараа өөрийн дураар  өөртөө зориулж дүрэмж журам гаргах гэх мэтээр дураараа аяглахаар бэлдэж байх вий. Тэгээд гаргасан шийдвэр нь нийтэд хүртээмжгүй, ард иргэдэд ээлгүй байхвий.

Хоолгүй газар хэдэн хоног байхад ямар нэгэн аргаар амьдрахын тул хүний оюун санаанд юу эс орж ирэх билээ. Байгалийн шалгаралаар хүчтэй нь  хүчгүйгээ хэмлэж идэж бие биенийхээ боломжийг булааж амьдрах нь ойлгомжтой. Гэхдээ боломжоо цэвэр шударга өрсөлдөөнөөр хэн чадсан нь хэн хийж бүтээж буй нь авах биш зүгээр л танил талтай нь, шийдвэр гаргагчидтай илүү ойр байгаа нь, хэн илүү их эрх мэдэлтэй байгаа нь булааж авчихаад бусдыгаа дорд үздэг ийм шударга бус нийгмийг зоригтойгоор шүүмжлэх нь чухал гэдгийг ойлгож байна.

 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.