Хашиж шахдаг төмөр биш, давтаж дарамталдаг татвар биш амьдрахад таатай улс, хот бий болгож өгөөч
2023-11-02 16:44:00
Саяхандаа сошиалаар нэгэн жуулчин Монголын гудамжинд үнсэлцдэг залуус байдаггүй юм билээ гэсэн яриа өрнөж бид хэсэг маазарсан. Үнэн хэрэгтээ энэ хошигнол биш эмгэнэл.
Монгол улсыг залуусын орон гэлцдэг. Гэтэл үнэхээр л хосуудын болзох газар ховор. Ямартаа л “Парист хоёулаа болзоно, аа гэхдээ би жаахан хоцорно” гэж дуулах вэ дээ. Энэ дууны мөр болзох газаргүй, болзоондоо очих гэхээр замын түгжрэлд өртдөг залуусын тухай дуу яг мөн байгаа биз. Ийм гунигтай.
Тэгсэн саяхан хотын дарга маань бүр хотын төв рүү ороход төлбөр төлнө гэж дарамталсан. Энэ мэт түгжрэлийг бууруулна, утааг багасгана, хотоо хөгжүүлнэ гэж машиндаа зогсоол, зам, гүүр, талбай гаргасаар байгаад үнсэлцэж зогсох битгий хэл тайван алхаад явах газар ч алга. Төсвийн хөрөнгөөр залуусын амралт чөлөөт цагт зориулан барьсан гэх нэртэй хэдэн хэрэглэгдэхгүй байшин, хямд, хоцрогдмол зүйлс нь нэг жил ч хүрэхгүй мартагдчихдаг. Ийм л гомдлуудаас царай муутай хотдоо муухай царай гаргаад амьдарч байна залуус чинь. Өнгөц харахад Улаанбаатар өндөр шилэн байшин сүндэрлэсэн сайхан хот боловч тэрэгтэй хүүхэд, тэргэнцэртэй иргэндээ ээлгүй эрсдэл аюул ихтэй аймшгийн хот гэдэгтэй маргах хүн ховор биз.
Тэгэхээр энэхүү нийтлэлээр эрх баригчдад залуусын хэрэгцээ, амьдралын хэв маягт тохируулан жаахан илүү төсөв төлөвлөөд арай үр дүнтэй ажил хийгээд өгөөч гэж хүсье. Хашиж шахдаг төмөр биш, давтаж дарамталдаг татвар биш амьдрахад таатай улс, хот бий болгож өгөөч.
Мөн эдгээр асуудал зөвхөн нийслэлд яригдах асуудал биш. Шинэ залуу хосууд орон нутагт амьдралаа эхлүүллээ гэхэд тэнд хөгжил байхгүй. Тог байхгүй, дэлгүүрүүд нь орчин үеийн төлбөрийн хэрэгсэл QPAY,SOCIAL PAY хэрэглэхгүй, хэрэглэх боломж ч байхгүй. Бүр зарим сумдад ATM байхгүй. Наад захын шүдний эмнэлэг, эмэгтэйчүүдийн тасаг үгүй. Ийм наад захын хэрэгцээ ч байхгүй газар руу залуусаа очиж амьдрахыг санал болгомоор байвал орон нутагт соёлын төв, хөшөө дуган барихаасаа илүү зам тавьж, эмнэлэг, сургууль, цэцэрлэг барьж өг. Нийслэл хот шиг сонголт хийх боломж олго.
2024 онд ач холбогдолгүй төсвийн төслүүд их байна гэж судлаачид болон Үндэсний аудитын хорооны дүгнэлт гарсан байгаа.
Жишээ дурдвал, Соёлын салбарт 402 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлвлөснөөс 132.8 тэрбум төгрөгөөр 51 соёлын төв музей, театрыг засварлахаар тусгасан байна. Мөн ирэх оны төсөв УИХ-ын 126 гишүүний суудал тохижуулалтад 12 тэрбум зэрэг үр дүнгүй ажлууд олон харагдана.
Үүний оронд орон нутагт нэн шаардлагатай байгаа зүйлсээ хийгээд амьдрахад таатай болгочихвол олон олон залуус тийшээ зорьж нийслэл хотын төвлөрөл багасаж, дагаад замын хөдөлгөөн, агаарын бохирдол ч буурах боломжтой гэж харж байна.
Н.ЦАЦРАЛ
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.