БНХАУ-ын ДНБ-ий өсөлт 3-р улиралд таамгаас давж, бүтэн жилийн зорилтдоо хүрэх итгэлийг бэхжүүллээ

2023-10-27 09:54:00

БНХАУ-ын дотоотын нийт бүтээгдэхүүний /ДНБ/ өсөлт 2023 оны гуравдугаар улиралд дэлхийн эдийн засагчдын дэвшүүлсэн таамгаас давлаа.

Хятад улсын Үндэсний статистикийн товчооны мэдэгдсэнээр, тус улсын ДНБ энэ оны гуравдугаар улиралд өмнөх оны мөн үеийнхээс 4.9 хувиар өссөнөөр 4.4 хувиар өснө гэсэн таамгийг эвдэж, эхний гурван улирлын өсөлтийн дундаж нь 5.2 хувьтай гарсан юм.

БНХАУ энэ онд эдийн засгаа 5 орчим хувиар өсгөх зорилт дэвшүүлсэн билээ. Тэгвэл эхний гурван улирлын өсөлт нь тус улс бүтэн жилийн зорилтоо амжилттай биелүүлж чадна гэсэн итгэл үнэмшлийн бат бөх суурийг тавьж өглөө. Ялангуяа, гуравдугаар улиралд буюу 7-9 дүгээр сард олон салбарын үзүүлэлтүүд эерэг гарсан нь Хятад улсын эдийн засаг бүхэлдээ сэргэж, тогтворжсоныг илтгэн харууллаа.

 

Хятад улс нь ДНБ-ий гуравдугаар улирлын болон эхний гурван улирлын өсөлтийн түвшнээрээ дэлхийн хамгийн өндөр өсөлттэй эдийн засаг бүхий улс орнуудын тоонд багтаж буйг тус улсын холбогдох албаны хүмүүсийн мэдэгдэж байна.

 

Тус улс долоодугаар сараас эхлэн эдийн засгаа бүх талаар дэмжих хэд хэдэн макро бодлого хэрэгжүүлсний үр дүнд эдийн засгийн сэргэлт, өсөлт эрчээ авч, таамгийг ийнхүү давсан байна.

Олон улсын эдийн засагчид, шинжээчдийн үзэж буйгаар, ДНБ-ий өсөлт хүлээлтээс давсан нь Хятад улсын эдийн засаг тогтвортой байгаагийн  илрэл бөгөөд эдийн засгийн өсөлтийг хөхиүлэн дэмжиж, дэвшүүлсэн зорилтдоо хүрэх өргөн боломж тус улсад байгааг харууллаа.

Мөн олон улсын банк, санхүүгийн байгууллагууд ч Хятадын эдийн засгийн дөрөвдүгээр улирлын өсөлт болон бүтэн жилийн өсөлт өөдрөг байхыг мэдэгдэж байна. Тухайлбал, Хятадын эдийн засгийн өсөлт 2023 онд 5 хувиар өснө гэж Олон улсын валютын сан өнгөрөгч долоо хоногт мэдэгдсэн нь тус улсын Засгийн газрын дэвшүүлсэн өсөлтийн таамагтай нийцэж байгаа юм. Мөн “Номура” банк, санхүүгийн компани Хятадын эдийн засгийн энэ оны өсөлтийн таамгаа 4.8 хувиас 5.1 хувь болгож нэмэгдүүлээд байна.

Ийнхүү БНХАУ 2023 онд эдийн засгийн өсөлтийн бүтэн жилийн зорилтдоо амжилттай  хүрч чадна гэдэгт тус улсын Засгийн газар болон эдийн засагчид, олон улсын шинжээчид бүрэн итгэлтэй байна. Энэ бүхнээс үзвэл, дэлхийн хоёр дахь том эдийн засаг 2023 оны бүтэн жилийн зорилтдоо хүрэх нь цаг хугацааны л асуудал болж байна.

 

Г.Доржханд


Занги нийтлэл


Хэн юу хэлэв


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.