АН МАН ХЭРЭЛДЭЖ БАЙНА
2023-10-23 14:31:00
Өнөөдөр Коронавируст цар тахлын онцгой байдлын үед Засгийн газраас авч хэрэгжүүлсэн төлөвлөгөө төсөл хөтөлбөрүүдийн санхүүгийн зарцуулалт, гадаад орнуудаас авсан зээл тусламж, иргэн аж ахуй нэгжүүдийн хандив тусламжийн орлого зарлагыг нийтэд ил болгох сонсгол хийхээр байсан. Гэвч энэ сонсголыг АН-ын бүлгээс хойшлуулах санал гаргаж хоёр нам “ана мана” үзэлцэж байна. Хэлэлцэж буй асуудлыг тоймловол:
УИХ дахь АН-ын бүлгийн дарга, сонсгол зохион байгуулагч О.Цогтгэрэл шинжээч томилоогүй тул сонсголыг хойшлуулах нь зөв. Эрүүл мэндийн яам бидний хүссэн мэдээллийг баасан гарагийн орой, ажил тарсны дараа өглөө. Санаатайгаар ингэж мэдээллийг орой өгч байна гэв.
Түүний хариуд Эрүүл мэндийн сайд С.Чинзориг: Сүүлийн хоёр жилийн турш цуглуулсан, хяналт шалгалтаар баталгаажсан мэдээллийг авч ирлээ. Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын нэр хүндтэй энэ сонсгол холбоотой. Та нар ингэж улс төржихөө болиод сонсголоо хийе. Төрийн ажлыг хийвэл хийсэн шиг хий. Улс төрийн сенсаци хөөхөө боль гэхэд УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Бид улс төрчид тул ажлаа хийж байна. Эрх баригч намд хяналт тавих нь сөрөг хүчний үүрэг . Та нар бүхнийг нууцад оруулж, яаж төрийн мөнгө иддэг чинь ногоон автобусаар илэрсэн шүү гэж бантуулав. Яахав нэг үхрийн эвэр доргиход мянган үхрийн эвэр доргино гэдэг дээ.
Төсөв санхүү хэлэлцэж тоо бодож байхад Сангийн сайд Б.Жавхлан “Сонсгол хийнэ гэж төрийн албан хаагчид, хэвлэл мэдээлэл дуудчихаад өөрсдийн амбиц хөөж улстөрийн мэдэгдэл хийгээд байх юм. Би энэ сонсголыг хийхийг шаардаж байна. Бид маш хэцүү хоёр жилийг өнгөрүүлсэн. Эдийн засаг одоо ч сэргэж амжаагүй байна. Төрийн албан хаагчдаа зовоолгүй сонсголоо хий. Тэгэхгүй бол дараагийн ковид гарах үед ажиллах төрийн албан хаагч олдохгүй шүү. Сангийн яамны зүгээс төсөвтэй холбоотой бүх мэдээллээр хангаж ажиллана. Хамгийн сайн хяналтыг иргэд тавьдаг. Хяналт тавиулахын тулд иргэдэд нээлттэй мэдээлэл өг" гэж шаардлаа.
Энэ мэтчилэн хоёр намын гишүүд үг хаялцах зуур АН-ын бүлгээс Ковидын үед бусад яамдын төсвийг хязгаарлаж эрүүл мэндийн яам руу хамаг төсвөө өгсөн. Эцэстээ төсөв нь илүү гарч юунд хамаагүй зарж эхэлсэн. Жишээлбэл Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлгээс 50 тэрбум төгрөгийн санхүүжилт илүү гарч 25 тэрбум төгрөгөөр нь ажилчдад байр сууц барьж өгөхөөр зураг гаргуулсан. Мөн тухайн үед санхүү мөнгийг хариуцаж байсан 4-5 хүн тэрбумаас дээш үнэтэй хаусанд амьдарч байна гэх ноцтой мэдээллүүдийг хэллээ.
Энэ мэдээллүүд нотлох баримтгүй. Гэхдээ ковидын үед маскны үнэ тэнгэрт хадаж, нэг өвчтнийг 8 саяар эмчилж байсан мэдээлэл түмний нүдэнд ил байсан. Гэвч бодит байдалд ихэнх өвчтөнүүдийг зөвхөн витамин, ибүпрофенээр аргалж байсныг иргэд гэрчилнэ. Тиймээс аль аль талаасаа энэ мэт явуургүй үг хаяалцахаа хойш тавиад АН сөрөг хүчнийхээ хувьд шаардлагаа үргэлжлүүлэх МАН эрх баригч намынхаа хувьд иргэддээ нээлттэй шударга байхыг хүсье.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.