Орос, Хятадын найрамдал савнаасаа халиад ОХУ-ын үндэсний эрх ашгийг хөндлөө

2023-08-14 11:12:00

Хайшеньвэй, Куедао, Боли гэж хятад хэлээр Владивосток, Сахалин, Хабаровскийг нэрлэдэг. Өнөөдөр хятадууд түүхэн шударга ёс сэргэлээ гээд бөөн хөл хөөрцөг. Хятадын түүхийн сурах бичгүүдэд одоо ид бичиж байна. Приморье, Сибирь, Сахалин арал нь МЭӨ ІІІ зуунаас Манжийн Чин гүрэн хүртэл Хятадад харьяалагдаж байжээ. Мао Зэдун өөрийнхөө юмыг буцааж авах тухай ярьж үглэсээр байгаад өнгөрсөн.

 

Хаант Орос нь XVI зуунд хууль бус экспанс хийж, хаа холын Московия гэдэгтээ Амар мөрний сав газрыг нэгтгэчихсэн. Харин одоо Путин гэгч Орос-Хятадын эцэс төгсгөлгүй найрамдлын элч гарч ирээд Владивосток боомтыг Хятадын дотоодын боомт маягаар түрээслүүлэх болоод явчихсан. Ердөө 5 жилийн дараа гэхэд тэр хот нь Хайшеньвэйдээ тохирсон түм буман хятадаар дүүрнэ.

 

Ингэхэд хагас зуун жилээр орос хүн, оросын байгууллага эзэн мэдэхгүйгээр хичнээн их газрыг Путин хятадуудад түрээслүүлэв? Байгаль нуурыг бүслээд авсан ба Амар, Уссури мөрөн дээрхи 600 орчим арал, хойг, булан тохой Хятадын мэдэлд эргэлтгүй шилжжээ. XIX зуунд байгуулсан Айгуний, Бээжингийн гэрээнүүд хүчгүйтлээ. Тэгш бус, шударга бус гэрээг Хаант Оросоос Чин гүрэнд тулгаж байгуулуулсан гээд гомдоод байсан Мао, Дэн нарын үүрдийн хүсэл мөрөөдлийг Путин-Си нарын өнгөн дээр залруулах үүд хаалга нээгдлээ. 1.5 сая хавтгай дөрвөлжин километр нутаг ямар нэгэн хэлбэрээр, яаж ийгээд хятадуудын мэдэлд очих магадлалтай боллоо. Хардаад байсан 200 мянган хятадууд нь одоо 2 сая, хожим хойно 10 саяас доошгүй Дорнод Сибирь, Алс Дорнодод аж төрөх тухай оросын эх оронч сайтууд ганц нэг пост оруулаад эхэлжээ. Амар мөрний шинэ эрэг дагуу хятадууд 600 километр урт далан байгуулж, голын урсгалыг аажмаар өөрчилжээ.

 

Путин Украин дахь дайндаа Хятадаас дэмжлэг олох гээд ингээд буулт хийгээд эхэлсэн биш юм. Олон жилийн өмнөөс санаатайгаар буулт хийх зам руу оржээ. «2004.10.15-ны Бээжингийн хэлэлцээр»-ийг жишээлж болно. «Дорнод хэсэг дэх орос-хятадын улсын хилийн тухай нэмэлт хэлэлцээр»-ээр Хабаровск хязгаар дахь Их Уссур мөрний хэсэг болох Тарабаров арлуудыг, мөн Чита мужийн их арлыг Хятадад шилжүүлжээ.

Цэрэг-стратегийн зориулалтаар Зөвлөлтийн үед ашиглаж байсан, ОХУ ч цэрэг-стратегийн ач холбогдлыг нь онцолдог байсан Их Уссурын сав газарт дайны байнгын бэхлэлт байгуулсан, түүнийгээ тордож ирсэн, хилийн заставууд байрладаг, Тарабаров арал дээр оросын нисэх хүчний 11-р армийн байлдааны нисэх онгоцны нислэгийн зурвастай, агаараас эсэргүүцэх хүчний салбарууд байрладаг, мөн энэ арлуудад нутгийн иргэдийн зуслан, ногооны талбай, бэлчээр эдлэн газрууд байдаг, Читагийн Их аралд 70 кв.км-т хилийн застав, цэвэр усны ундрагатай гэх мэт Путины балгаар Хятадад алдсан сайхан газруудыг нэрлэж барах юм биш. 

 

Хаант Оросын цэргийн хэргийн сайд Владимир Сухомлинов бичиж анхааруулж гэрээсэлж байсан байх юм:-Хятадуудын хэзээ ч буцаан өгч болохгүй, тэр талаар эргэлзээ байж болохгүй, эргэлзсэн байдал гаргах аваас хятадууд бидний сул доройг далимдуулах болно гэжээ.

 

Хабаровск, Владивосток, Находка, Амар муж, Буриад, Сахалин бүгдээрээ хятад нэртэй, тэр нэрээрээ түр алдагдсан нутаг хэмээн хятадын дунд сургуулийн сурах бичигт орсоор ирсэн. Хэдэн үеэрээ тийм сурах бичгээр тархиа цэнэглэсэн хятадуудын хувьд Путин бол хамгийн дотно, итгэлт, урвуулж болохоор, алдаж ботлохгүй Оросын төрийн анхны зүтгэлтэн болох аж. ОХУ-ын Үндэсний аюулгүй байдлын 2000-2009 оны үзэл баримтлалд анхааруулсан заалт байсныг дараа нь шинэчлэн баталсан үзэл баримтлалдаа хасчээ. Хил залгаа аль нэг гадаад улс нь эдийн засаг, демограф, соёл-шашны экспанс оросын нутаг дэвсгэр рүү хийх нь ОХУ-ын үндэсний аюулгүй байдал, үндэсний эрх ашигт шууд заналхийлсэнд тооцогдоно гэсэн заалт ор мөргүй алга болжээ. ОХУ нь хилийн демаркац хийх явцдаа Хятадад үлэмж газар нутгаа өгсөн төдийгүй Оросын замаар Тажикистан, Киргиз, Казахстан мөн адил замнажээ. Зөвлөлт Холбоот Улсаас өвлөж авсан олон мянган километр газар нутаг БНХАУ-д очжээ. 

 

Орос-Хятадын зузаан найрамдлын гэрч нь Өвөр Байгалийн хязгаар, Приморье, Эрхүү муж болоод байна. XXI зууны хятадын нэгэн шинэ бизнес–ой модны бизнес цэцэглэв. Зөвхөн  Приморьет гэхэд л жил бүр 1.5 сая кубметр  мод, Амар мужид ойн сангийн нөөцийнхөө талаас илүүг Хятадад ашиглуулдаг гэсэн мэдээ байна.

 

Огтолсон, цайруулсан, модон эдлэл болгосон бүх бүтээгдэхүүн зөвхөн Хятад руу жирийлгэнэ. Ганц ой мод биш, амьтан ургамалын аймаг, загасны нөөц тэр чигтээ Хятадын ёроолгүй ходоод руу шингэнэ. Орос-Хятадын хамтарсан үйлдвэр, хамтарсан аж ахуй гэдэг нь ёс төдий ил харагдах үзүүлэн. Тэр байтугай хамтарсан үйлдвэр, аж ахуйдаа ой модны материалыг хятадын хууль тогтоомжоор худалдаж арилжаална. Хятадын төрийн далбаа энд тэндгүй өлгөөтэй, хятад хэлээр хаягаа хийнэ, сайтууд нь хятад хэлээр. Ажиллах хүчний хэрэгцээ гэдэг нэрээр түм буман хятадууд улирлын ажил, түр ажил, контракт гэрээ гэх нэрээр хойшоо хил давна. Хүн ам цөөн, хүмүүс нь хот руу дайжсан оросын бөглүүд тосгонд хятадууд ажил хийж өгөх нэрээр бөөгнөрөн шавна. Ийм үед улсын хил шиг тээртэй юм байхгүй гэх сэтгэхүй хоёр талын эрх баригчдад суусан бололтой. Өвөр Байгалийн хязгаарт 49 жилээр арендын гэрээ байгуулж, олон зуун  гектар газар Хятадын мэдэлд очоод байна. Зарим нутагт 70 жилээр түрээслэсэн нь ч бий. Саяхан болтол тэр түрээсэндээ ОХУ нь га тутмаас 250 рубль хурааж байсан ба жишээ нь  Еврейн автономит тойргийн газрын 80% хятадуудын түрээсэнд шилжээд байна. Хятадууд газар эзэмшээд эхлэхлээрээ  газрыг там болгоно, химийн элдэв хороор бордоно, баас шээсээрээ бордоно, тарьж ургуулдаг юу л байна, бүгдийг нь тарих гэнэ. Онгон зэрлэг байгаль үгүй болох нь тэр дээ. Оросын Алс Дорнод, Дорнод Сибирь өнөөдөр ийм л байна.


Бэлтгэл хошууч Адьягийн Батсайхан  
Эх сурвалж: Елена Масюк. Любить дракона, Новая Газета №27 2015г ба бусад 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.