Оюутолгой төслийн Монгол улсад ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэлээ

2021-12-13 13:10:00

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Оюутолгойтой холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

Ерөнхий сайдын нэр дээр Рио Тинто компанийн удирдлагаас захидал ирсэн байна.

Уг захидалд, "Эрхэм хүндэт Таны амгаланг айлтгахын дашрамд эрх баригч Монгол Ардын Намын 30 дугаар хурлаар намын даргаар сонгогдож эдийн засгийн Шинэ Сэргэлтийн бодлого дэвшүүлсэнд баяр хүргэж амжилт хүсье.

Бид саяхан Та болон Улсын Их Хурлын дарга, Түр хорооны гишүүдтэй уулзалт хийж Оюу Толгойн үр өгөөжийг Монголын ард түмний эрх ашигт нийцүүлэн сайжруулах, 2015 оны “Дубайн гэрээ” гэгддэг “Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө” (ДУББСТ)-г цуцлах, Эрдэнэс Оюу Толгой ХХК-ийн талд үүссэн өрийг тэглэх, улмаар төслийн үйл ажиллагааг цаашид илүү ил тод болгох талаар санал солилцсон билээ.

Та бүхний тавьсан санал сэтгэгдлийг харгалзан хөрөнгө оруулагчдын Төлөөлөн Удирдах Зөвлөлд танилцуулсны үндсэн дээр дараах арга хэмжээг авахад бид бэлэн байна. Үүнд:

1. Оюу Толгой төслийн Монгол Улсын Засгийн Газрын эзэмшлийн 34%-д ногдох нийт 2.3 тэрбум ам.долларын өрийг 100% тэглэх. Ингэснээр өмнө нь тооцоолж байсан 22 тэрбум ам.долларын өр үүсэхгүй, улмаар Эрдэнэс Оюу Толгой ХХК-ийн 34% эзэмшлийн үнэ цэн нэмэгдэж, ногдол ашиг авах хугацаа наашлах

2. ДУББСТ болон “Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөө”-г цуцлаж дуусгавар болгох

3. Оюу Толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төслийн санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулахыг зөвшөөрөх

4. Гүний уурхай ашиглалтад орж олборлолт эхлэх хугацаа буюу 2023 оны эхний хагас хүртэлх нэмэлт зардлыг хөрөнгө оруулагч тал 100% хариуцаж Эрдэнэс Оюу Толгой ХХК-д нэмэлт өр үүсгэхгүй байх

5. Оюу Толгой ХХК-ийн засаглалыг сайжруулах байдлаар гүний уурхайн төслийн хяналтыг сайжруулах арга хэмжээ авч холбогдох зардлыг харилцан тохиролцсон нөхцлийн дагуу Оюу Толгой ХХК төлөх, Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулах; төслийн байгаль орчин, нийгэм, засаглалыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах

Энэхүү шийдвэрүүдийг гаргахад амаргүй байсан бөгөөд энэ нь манай эцсийн санал гэдгийг дурдахын дашрамд хөрөнгө оруулагчдаас Монгол Улсад шилжүүлж буй томоохон үнэ цэн бөгөөд цаашдын хамтын ажиллагааны итгэлцлийн суурь болно гэдэгт бид итгэж байна. Ингэснээр Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоол хэрэгжсэн гэж бидний зүгээс үзэж байна. Монгол Улсын Засгийн Газар болон Оюу Толгой ХХК-ийн хооронд үүссэн арбитрын маргаантай холбоотой 6 сарын хугацаанд түдгэлзүүлж Ажлын хэсгийн хүрээнд зөвшилцлийн замаар шийдвэрлэхийг эрмэлзэж байна. Гүний уурхайг ашиглалтад оруулах огтлох малтлагыг 2022 оны 1 дүгээр сард багтааж хугацаа алдалгүй хийх нь бидний хамтын зорилго билээ. Үүний тулд гүний уурхайн огтлох малтлагыг эхлүүлэх урьтал нөхцөлүүдийг Ажлын хэсгийн хүрээнд хамтран шийдвэрлэхийг хүсэж байна. Эдгээр арга хэмжээнд үндэслэж хоёр талын ажлын хэсэг нарийвчлан ярилцаж, зөвшилцлийн замаар бичгээр 2021 онд багтаан эцэслэн шийдвэр гаргахыг хүсье" гэжээ.

 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.