Маргаашнаас тээврийн хэрэгсэлд RFID чип суурилуулyна
2023-02-28 10:29:00
Нийслэлийн удирдах ажилтнуудын өчигдрийн шуурхай зөвлөгөөнөөр Замын хөдөлгөөний нэгдсэн системийн талаар хэлэлцжээ.
Улаанбаатар хотын цахим шилжилтийн хүрээнд хийж байгаа Замын хөдөлгөөний нэгдсэн систем /RFID/-ийн ажлыг эрчимжүүлэх хүрээнд нийслэлийн төвийн бүсийн зургаан дүүргийн гэрлэн дохиотой 138 уулзварын 354 байршил, дөрвөн пост, оношилгооны таван төвд нийт 455 ширхэг радио давтамж тодорхойлох RFID уншигч төхөөрөмж, 1036 ширхэг уншигч антенн суурилуулан энэ оны эхний улиралд багтаан хэрэглээнд нэвтрүүлэхээр байна.
Улсын хэмжээнд орон нутагт 470,000 орчим, нийслэлд 650,000 орчим тээврийн хэрэгсэл бүртгэлтэй ба эдгээрээс замын хөдөлгөөнд идэвхтэй оролцож буй нэг сая тээврийн хэрэгсэлд RFID чип буюу тээврийн хэрэгслийн техникийн хяналтын цахим гэрчилгээг маргааш буюу гуравдугаар сарын 1-нээс суурилуулах юм.
Улаанбаатар хотын хэмжээнд 161 цэгт RFID уншигчийг суурилуулсан. RFID чипийг тээврийн хэрэгсэлд суурилуулахдаа техникийн хяналтын үзлэгийн төв, нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төв, томоохон худалдааны төвүүдийг түшиглэн зохион байгуулах юм байна. Чипийг үнэгүй суурилуулах бөгөөд импортоор орж ирэх тээврийн хэрэгсэлд гааль дээр төлбөрөө төлөн наалгах юм байна.
Тээврийн хэрэгслийн торгууль, татвар, даатгал, замын хөдөлгөөний зөрчил зэрэг бүх асуудлыг энэ системээр шийдэх боломжтой.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.