СОНИН ХАЧИН: Хэн ч нэвтэрч чаддаггүй "үхлийн арал"

2023-02-10 11:21:00

Атлантын далайд, Бразилийн хамгийн том хотуудын нэг Сан Паулогоос холгүй хэн ч амьдардаггүй, аль эрт энгийн иргэдийг ойртохыг ч хориглосон нэгэн жижиг арал бий. Тус арлын ойролцоо зөвшөөрөлтэй хүмүүс загасчлах, сэлж болдог бөгөөд эрэг дээр нь харин буух эрх хэнд ч байхгүй. 

Энэ арал дээр цөөхөн удаа хүн хөл тавьж байсан юм. Жишээлбэл, тэнд бүрэн автомат горимтой гэрэлт цамхаг барьж чадсан аж. Дашрамд хэлэхэд тус арлыг цэргийн тусгай анги хянадаг бөгөөд өндөр хамгаалалтан дунд тусгай зөвшөөрөлтэй эрдэмтэд л хэдэн удаа судалгаа явуулжээ. Харин юм үзэж сонирхох гэсэн энгийн хүмүүс энд хүрэх ямар ч арга байхгүй. 

Тус арлыг цэргийнхэн байнга хараа хяналтандаа байлгадаг бөгөөд эргэн тойронд нь ямар ч далайн эрэг байхгүйн дээр бүх талаараа дор хаяж 50 метрийн өндөр хадан хясаагаар хүрээлэгдсэн аж. Энэ бүх хоригийн цаана маш том шалтгаан бий. Энэхүү арлыг “Ilha da Queimada Grande” хэмээн нэрлэдэг боловч нутгийн иргэд “Могойн арал” хэмээн хочлодгоос харвал ямархуу “оршин суугчидтай” болох нь тодорхой болно. 

Алтан могой

Алтан могой

Тус арал дээр олон төрлийн могой амьдардаг бөгөөд түүний дотор дэлхийн хамгийн хортой могой ч бий. Түүнд хазуулсан хулгана 2 секундын дотор амьсгал хураадаг байна. Хүн хазуулсан тохиолдолд мэдээж арай удаан буюу 2 минут орчмын доторх хугацаанд аминд хүрэх аюултай. Тэрхүү могойн хорны эсрэг ерөндөг одоогоор гарч ирээгүй байна. Энэ аймшигт могойг ботропс (bothrops insularis) хэмээн нэрлэдэг бөгөөд уг арлаас өөр хаана ч амьдардаггүй. Ботропс нь ховордсон төрөл зүйлд тооцогддог учир тус арлыг хаах шийдвэр гаргахад эрх баригчдад гол шалтгаан болжээ.

Үүний ачаар орчин үед түүнд хазуулж нас барсан нэг ч хүн албан ёсоор бүртгэгдээгүй байна. Нутгийн оршин суугчид (мэдээжийн хэрэг эх газарт амьдардаг хүмүүс) дээр үед түүнд хазуулсан хүмүүсийн түүхийг бараг л үлгэр домог болгож ярьдаг тул могойн арал дээр хэн ч очихыг хүсдэггүй болжээ. “Алтан могой” гэх хочтой ботропс нь үнэхээр алтан шар өнгөтэй бөгөөд биеийн урт нь нэг метр хүрдэг аж. Үүний зэрэгцээ энэхүү могой зөвхөн мод, бут сөөг дээр амьдардаг гэнэ. 

Сонирхуулахад Ботропсын бусад төрлийн /insularis/ могойнуудын тоо толгой эсрэгээрээ сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа (insularis-ийг өөрөөр Америкийн жадан хошуут могой гэж нэрлэдэг. Энэ төрлийн могой Төв ба Өмнөд Америкт олноороо амьдардаг). 

Ботропсууд модны мөчир дээр олзоо маш тэвчээртэй хүлээж байгаад элдэв төрлийн шувууд дөхөж ирэх үед гэнэт харайн барьж чаддаг аж.  Энэхүү могой нь эргэн тойрны амьтадыг биеийн дулааныг маш сайн мэдэрч чаддаг учраас харанхуйд хүртэл ядах юмгүй ан хийдэг байна. 

Сонирхолтой нь, арлын нэр Queimada Grande ("шатсан арал" гэж орчуулагддаг) арал дээр эрт үед болсон үйл явдлаас гаралтай аж. Загасчид арал дээр гарч ирээд могойнуудыг айлгахын тулд түүдэг асаасан нь “том түймэр” дэгдээсэн бөгөөд үүнээс болоод “шатсан арал” гэж нэрлэсэн байна. 

Дашрамд хэлэхэд дээр дурдсан гэрэлт цамхгийг 1909 онд барьсан бөгөөд эхэндээ цамхагийн хамгаалагч болон түүний гэр бүлийн хүмүүс арлын цорын ганц оршин суугчид болдог байжээ. Зарим эх сурвалжийн мэдээлснээр нэг удаа хамгаалагч нь гэр бүлийн гишүүдийн хамт могойд хатгуулж нас барсан учраас 50 гаруй жил хүн амьдраагүй гэжээ. Харин 90-ээд оны сүүлээр гэрэлт цамхагийг сэргээн засварлаж автомат гэрэлтэй болгосон учраас хамгаалагчийн шаардлагагүйгээр гэрэлт цамхагыг удирдах боломжтой болжээ. 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.