Элэгний В, С, Д вирус ихэвчлэн бэлгийн замаар халдаж байна гэв
2023-01-23 17:21:00
“Элэгний В, Д вирустэй тэмцэгчид” ТББ-ын санаачилгаар өнөөдөр “Элэгний Д вирустэй иргэдийн үндэсний зөвлөлдөх уулзалт”-ыг зохион байгууллаа.
Монгол Улсын хот, хөдөөгийн 10-64 насны хүн амын 8.1 хувь нь гепатит С вирусийн халдвартай, 9.4 хувь нь гепатит В вирусийн халдвартай, тэдгээрийн 51.3 хувь нь гепатит В, Д вирусийн хавсарсан халдвартай байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад элэгний В вирустэй 450 мянга орчим хүн, түүнээс Д-компонент хэлбэртэй 240 мянга орчим хүн байгаа гэх албан бус тоо мэдээлэл бий.
Сүүлийн 10 жилд хүн амын дундах В вирусийн тархалт 11.8 хувиас 10.6 хувь болон буурсан боловч В вирустэй эерэг хүмүүсийн дунд Д хэлбэрийн тархалтыг 60-80 хувь хэмээн тодорхойлжээ. Одоогоор Монгол Улсад элэгний гепатит Д вирустэй хүмүүст тохирох эм, эмчилгээ байхгүй байна.
Энэ үеэр ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү элэгний В, С, Д вирус нь цусаар, бэлгийн замаар халдварладаг. Ихэвчлэн бэлгийн замаар халдаж байгаа талаар мэдээллээ.
Тэрбээр, "Элэгний В, С вирустэй хүмүүс тодорхой зовуурь илэрсний дараа л ирдэг. Тиймээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах ёстой. Хөгжсөн улс оронд бол Д вирус гэж байхгүй. Яагаад гэвэл, тэнд В вирусийн эсрэг урьдчилан сэргийлэлтээ сайн хийдэг учраас тэр. Манай улсад В вирусийн эсрэг вакцинжуулалтыг сайн хийвэл Д вирусийн өвчлөлөөс сэргийлнэ. Манай улсад ихэвчлэн 1990 оноос өмнөх хүмүүс халдвартай байдаг. 1990 оноос хойшхи хүмүүс халдвартай гарч байгаа бол вакцинжуулалт сул байна гэсэн үг. Ийм тохиолдолд нэмэлт тун хийх шаардлагатай юм. ЭМЯ дээр ажлын хэсэг байгуулаад ажиллаж байна. Элэгний В, С, Д вирус нь цусаар, бэлгийн замаар халдварладаг. Ихэвчлэн бэлгийн замаар халдаж байна" гэв.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.