Хятадын эдийн засгийн шинэ бодлого Монголд хэрхэн нөлөөлөх вэ?

2022-12-02 17:21:00

Судлаач Б.Дашравдангийн Хятадын Коммунист Нам /ХКН/-ын 20-р их хурлаас гарсан шинэ бодлогын тухай болон манай улсад үзүүлэх нөлөөллийн талаар өөрийн үзэл бодлоо хуваалцаж буйг та бүхэнд хүргэж байна.  

ХКН-ын 20-р их хурлаар Дэн Сяопиний үеэс хэрэгжүүлсэн экспорт, хөрөнгө оруулалт, худалдан авалт гэсэн 3 тулгуурт ЭЗ-ийн бодлогоо өөрчилж, экспортыг тэргүүн зэрэгт авч үзэхээс илүү дотоодын хөрөнгө оруулалт, худалдан авалтдаа найдсан бодлого баримтлах болсон.

ХКН-ын 20-р их хурлаас гарсан ЭЗ, хөгжил шинэчлэлтийн хамгийн том шийдвэр болох Хятадад үүсээд буй 4 зөрүү буюу бүс нутгийн хөгжлийн зөрүү, хот хөдөөгийн ялгаа, салбар хоорондын ашгийн зөрүү, хот хөдөөгийн халамж, орлогын зөрүүг арилгах хамтын хөгжлийн номлол нь Монголд хэрхэн нөлөөлж болох талаар энэхүү нийтлэлдээ өгүүлнэ.

Хятадын төрийн зөвлөл болон эдийн засагчдын нийтлэлээс харахад Хятад ирэх оны 3-р сараас өмнө Тэг Ковидын бодлогыг цуцалж цар тахлын үед бизнес нь зогссон, санхүүгийн хүндрэлд орсон ААН-үүдэд хөнгөлөлттэй зээл олгон, төрийн дарамтыг багасгах алхмуудыг хийхээр байна хэмээв.

Ши Жиньпин дотоодод үүсээд буй баян, ядуугийн ялгаа, баялгийн тэгш бус хувиарлалтыг үгүй хийж, хөгжингүй социалист улс байгуулахын тулд дундаж давхаргын иргэдийн өрхийн орлогыг сайжруулах, ЭЗ-ийн өсөлтийг тогтворжуулах, тогтвортой ажлын байраар хангахаас гадна орлогын хуваарилалтын шинэчлэлийг хурдасгах, "Багыг дэмжих, Дундыг тэлэх, Ихийг хязгаарлах" мөрийн хөтөлбөр хэрэгжүүлэхээ амласан. Сонирхуулахад дундаж орлоготой иргэд Хятадын хүн амын 90%-ийг бүрдүүлдэг.

Товчхондоо монополыг задалж, хэт баяжих явдалтай тэмцэн, томоохон хувьцаат компаниудын хувьцааны тодорхой хэсгийг ажилчдад нь олгодог дүрэм нэвтрүүлэх, бүс нутгуудаа жигд хөгжүүлэн, бизнес эрхлэгчид жигд ашиг олох, ойролцоо цалин авдаг болох, хот хөдөөд адил хүртээмжтэй халамж, нийгмийн хамгааллын бодлого баримтлах амлалт өгсөн.

Уг амлалт ард түмнийх нь дийлэнхийн хүсэл эрмэлзэлд нийцэж буйг Хятадын олон нийтийн санаа бодлыг танддаг олон улсын шинжээчид ч хүлээн зөвшөөрч байгаа нь ирэх 10 жилд Хятадын нийгэм тогтвортой байх үндэс суурь болж байна. Хятадын ирэх 10 жилийн засаглал, нийгмийн тогтвортой байдалд эргэлзэх шаардлагагүй.

Өмнөд хөршийн экпортоос үл хамаарах эдийн засгийн шинэ бодлого ба Монголын хүндрэл

Хятадын гадаад худалдаа 2022 оны III улиралд /9-р сарын байдлаар/ $560.8 тэрбум, харин экспорт нь $322.76 тэрбумд тус тус хүрсэн. Түүнчлэн манай улсын Хятадтай хийсэн гадаад худалдааны нийт хэмжээ энэ оны эхний 10 сарын байдлаар $10.9 тэрбум байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 25.8% өссөн бөгөөд үүнээс манайх $2.47 тэрбум импорт хийсэн нь чамлахаар үзүүлэлт биш юм.

Манай улс Хятадаас голчлон ачааны автомашин, чиргүүл, хагас чиргүүл, эрчим хүч, цахилгаан хэрэгсэл, барилгын материалын тоног төхөөрөмжөөс гадна хүнсний өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, хувцас, бэлэн гоймон, шар айраг, цагаан будаа импортолж байна.

Тэгвэл Хятад яагаад экспортын баримжаатай ЭЗ-ийн бодлогоосоо татгалзав?

Тэдний Америктай хийсэн худалдааны дайн болон Орос–Украйны дайнаас болж Оросын газрын тосны экспортод барууны орнуудаас хориг тавьсан нь Оросын ЭЗ-ийг ганхуулж байгаа гэх мэт гадаад хүчин зүйлсээс гадна дотоодын чинээлэг, дундаж давхарга нь гадны импортын бараанаас хэт хамааралтай болж ажиллах хүчний зардал өссөн зэрэг дотоод шалтгаантай.

Түүнчлэн Хятадын залуу үе 7 хоногт 40-с дээш цаг үйлдвэрт ажиллахыг хүсэхээ больсон. Түүнчлэн ЗГ-аас нь 292 сая цагаач ажилчдын амьдралын нөхцөлийг сайжруулж, том хотуудын төвлөрлийг сааруулах үүднээс орон нутагт нь ажиллуулах бодлого хэрэгжүүлэх болсон зэргээс шалтгаалан далайн эргийн дагуух зүүн өмнөд 5 муж Гуаньдун, Жиансу, Шандун, Жөжян, Фүжианд байрлах экспортын бөөний бараа үйлдвэрлэгчдийн зардал өсөөд буй. Хэдийгээр эдгээр мужуудад байрлах үйлдвэрүүдийг хөгжлийн түвшин доогуур төв, баруун, зүйд хойд мужууд руу нүүвэл ЗГ-аас дэмжлэг үзүүлэхээ амлаад буй ч Ши Жиньпин тэгшитгэх бодлого, нэгэнт бий болсон ажиллах хүчний өндөр зардлаас зайлсхийн ихэнх компаниудыг дотоодын мужуудаас илүү Зүүн Өмнөд Азийн орнууд руу үйлдвэрээ шилжүүлэх болов.

Үүнд Хятадад төрөлт буурсан, хүн ам зүйн хямрал ирэх 50 жилд улам гүнзгийрэх дүр зураг ч нөлөөлж буй. Томоохон үйлдвэрлэгчид үйлдвэрээ автоматжуулж, шинэ робот технологи нэвтрүүлж байгаа ч энэ нь өндөр өртөгтэйгөөс гадна хүний л хийж чадах чимхлүүр үйлдлийг робот гүйцэтгэх боломжгүйгээс олонх нь хямд ажиллах хүчинтэй улсууд руу гарах замыг сонгож байна.

Өмнөд хөршийн экспортын баримжаатай ЭЗ-ийн бодлогоосоо татгалзаж байгаа болон бөөний үйлдвэрлэгчид нь Зүүн Өмнөд Ази руу гарч байгаатай холбоотойгоор Монголд дараах хоёр хүндрэл үүсэхээр байна.

Эхнийх нь хойшид Хятадаас хямд үнэтэй тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүн импортлох боломж хумигдсанаар дотоодын үйлдвэрлэл хөгжөөгүй манай улсад инфляц, үнэ өсөх эрсдэлтэй. Иймээс ирэх жилүүдэд Монгол дотооддоо аль болох олон төрлийн импортыг орлох өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх, нэгэнт дэлхийн бөөний барааны нийлүүлэгч болж буй АСЕАН-ы улсуудтай хийх худалдаагаа өргөжүүлэх хэрэгтэй. Үүний тулд Хятадтай тээвэр, ложистикийн нэн хөнгөлөлттэй гэрээ байгуулах ёстой.

Хоёрдугаарт Хятадын хилийн хорио цээр, импортын бараанд тавих хяналт шалгалт, шаардлага нэмэгдэх тул Монголын хүнс, хувцас, гоо сайхан, мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, Хятад руу уул уурхайн бус бараа экспортлохоор хичээж буй жижиг дунд үйлдвэрлэгчдэд тооцоолоогүй хүндрэл үүснэ. Гэхдээ үүнд гарц бий.

Судалгаа бас дахин судалгаа

Олон улсад Эстоний Оросын төрийн бодлого, УТ-ын шийдвэр гаргалтын талаарх тайлан, Вьетнамын аж үйлдвэр, худалдааны төлөвийн судалгаа ойрын жилүүдэд манай 2 хөршийн талаарх мэдээлэл чухал эх сурвалж болж байгааг дурдууштай. Манай улсын ЗГ-ийн байгууллагууд, судалгааны хүрээлэнгүүд, хувь судлаачид хөрш орнуудын төрийн бодлого, нийгэм, ЭЗ-ийн чиглэлийн судалгаагаа эрчимжүүлэн шинэ түвшинд гаргаж, төр, ард түмнээ үнэн бодит мэдээллээр хангаж, эх орныхоо үндэсний аюулгүй байдал, ЭЗ-ийн тусгаар тогтнол, хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулмаар байна.

 

Дэлхийн 2-р дайнаас хойш тогтсон олон улсын дэг журам, их гүрнүүдийн харилцааны нөхцөл өөрчлөгдөж буй цаг үед Монголын эрх ашгийн үүднээс, Монгол хүний өнцгөөс харсан үнэн бодит мэдээлэл манай ЗГ, бизнес эрхлэгчдэд ус агаар мэт хэрэгтэй.

Ер нь манай хэвлэл мэдээлэл хаашаа явж байна?

Өнгөрөгч сард болсон ХКН-ын 20-р их хурлын үйл явц, шийдвэрийн талаар Монгол хэл дээр мэдээ мэдээлэл хайхад Ху Жинтаог ардын их хурлын танхимаас хүчээр гаргасан уу? Ли Көцян яагаад Ши Жиньпинийг эсэргүүцсэнгүй вэ? зэрэг сенсац хөөсөн, ач холбогдол багатай мэдээллүүд давамгайлах ба барьцтай ганц нийтлэл гарсан нь Хятадыг удирдах 7 хүний танилцуулга байв. Үндсэндээ манай сэхээтнүүд ХКН-ын 20-р их хурлаас гарсан ЭЗ-ийн шийдвэрүүд Монголд хэрхэн нөлөөлөх, бид Ши Жинпиний шинэ эрин үеийн Хятадтай ЭЗ-ийн талаар яахин харилцан ашигтай хамтран ажиллах тухай шинжлэх ухаанч, ажил хэрэгч ярилцлага, мэтгэлцээн нийгэмд өрнүүлээгүй нь харамсалтай.

Монгол болон Хятадын ЗГ хоорондын хэлэлцээр, төрийн бодлогын талаарх зөвлөлдөх уулзалт, ЭЗ-ийн формуудыг анзаарч байхад Хятадын талаас салбартаа 15-аас доошгүй жил ажилласан, төрийн зөвлөл, хөгжил шинэтгэлийн хороонд давхар ажилладаг их сургуулийн профессор, судлаачид улсаа төлөөлдөг бол манай улсыг төлөөлж 18 сарын настай ЗГ-ийн 12 сар хүрэхгүй настай мэргэжлийн бус улс төрийн албан хаагчид, яам тамгын газрын дунд түвшний сайдаа дагаж салбар бүр рүү нүүдэллэдэг дарга нар оролцдог нь тухайн хэлэлцээр, уулзалтын ач холбогдлыг бууруулж, үр дүнгүй болох, гарсан шийдвэр нь хэрэгжихгүй байх, хэрэгжсэн ч манайд ашиггүй байдлаар хэрэгжих гол нөхцөл болдог.

Түүнчлэн судалгаа, шинжилгээ хийхэд зайлшгүй шаардлагатай хүчин зүйл бол хүний нөөц, ажлын даалгавар, санхүү мөнгө байдаг. Жишээлбэл хувь судлаач миний бие таны уншиж буй цуврал нийтлэлийг бичихийн тулд хамгийн багадаа Хятад ба Зүүн Өмнөд Азийн ЭЗ-ийн талаар бичдэг экспертүүдийн судалгаатай танилцах гэж 560 юаний төлбөр төлсөн байх жишээтэй. Хятадын ЭЗ-ийн судлах судлаачдын тоо, хүний нөөц манайд хангалттай бий ч хамтран ажиллах соёл, багаар ажиллах сэдлийг төрүүлэхийн тулд зайлшгүй санхүү, ЗГ-ийн бодлогын дэмжлэг хэрэгтэй. Эцэст нь манай төр улсынхаа хөгжлийн алсын хараа, ЭЗ-ийн хөгжлийн зорилтууд дээр суурилсан оновчтой ажлын даалгавраа хэрхэн өгөхөөс үр дүн шалтгаална.

Гэтэл манай шат шатны төрийн байгууллагуудын шийдвэрлэх асуудлын эрэмбэ дараа алдагдсан. Даваа гарагт хуралдсан нийслэлийн ИТХ-ын шийдвэрээр ирэх онд Сэлбэ голын эргийг $60 саяаар санхжүүлэхээр болов. Гэтэл Монголд энэ өвөл эрчим хүчний хэрэглээгээ хязгаарлах тухай ярьж буй. Мөн ирэх онд төлөх олон $10 саяын бондын өрүүд хүлээгдэж байгаа. Сэлбэ голын эрэг иргэд амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх шинэ цогцолбортой болох нь таатай ч, яг өнөөдөр шийдэх тулгамдсан асуудал мөн үү гэвэл биш. Үүнээс өөр нийслэлийн нийтийн тээврийн хүрэлцээ гэх мэт амин чухал хоолойд тулсан асуудлууд шийдлээ хүлээж буй.

$60 сая гэдэг нь ₮210 тэрбум. Тийм их илүүдээ гараад байгаа бол нийслэлийн захиргаа 10 тэрбумын санхүүжилт гаргаад Хятадын хил дамнасан цахим худалдааны платформууд дээр Улаанбаатар хотын жижиг дунд үйлдвэрүүдийн бараа бүтээгдэхүүнийг экспортлох төсөл хэрэгжүүлчих. Хэрвээ энэ хэмжээний санхүүгийн дэмжлэг байвал Монголын худалдааны экспертүүд жилд 200 тэрбум төгрөгийн худалдааг Хятадын цахим худалдааны платформууд дээр хийх бүрэн боломж бий.

Хятадын хил дамнасан цахим худалдааны платформууд ба Монголын уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортын шинэ гарц

Хятад бол дэлхийн хамгийн том цахим худалдааны зах зээл. 2021 онд хил дамнасан цахим худалдааны импорт болон экспортын хэмжээ нь нийт $277.3 тэрбумд хүрж, өмнөх оны мөн үеэс 15% өссөн.

Одоогоор Хятадын хил дамнасан цахим худалдааны туршилтын бүсийн тоо 132 болоод байгаа. Зөвхөн Alibaba (BABA) группийн Taoboa зэрэг сайтуудаар бид хятадын цахим худалдааны зах зээлийг төсөөлж болохгүй. Хятадын хэрэглэгчид импортын бүтээгдэхүүнийг бусад бүх онлайн дэлгүүрийн адил утсаараа худалдаж авдаг. Хятадад гар утасны апп нь вэб хуудаснаас хамаагүй өндөр нэвтрэлттэй. Ихэнх цахим худалдааны компаниуд өөрсдийн бие даасан платформмууд ажиллуулахаас гадна WeChat, Аlipay, QQ, Weibo дээр давхар мини програмууд хөгжүүлдэг.

Импортын бүтээгдэхүүн худалдах хамгийн алдартай платформуудаас дурдвал Alibaba-н TMall Global (天猫国际) , бусад компаниудын Kaola (考拉海购), JD Worldwide (京东国际), Ymatou (洋码头), Amazon Global (亚马逊浭头) зэрэг худалдааны платформууд юм.

Хятадын дотоодын цахим худалдааны платформууд дээр бараа бүтээгдэхүүнээ байршуулахын тулд гадаадын худалдаачид Хятадад хуулийн этгээд заавал байгуулах албагүй ч хуулийн дагуу Хятадад үйлдвэр, худалдааны бүртгэлийг хариуцах тус улсын компанитай хамтрах шаардлагатай. Тэрхүү компани нь Хятадын гаалийн байгууллагад бүртгүүлж, хамтрагчийнхаа өмнөөс хариуцлага хүлээх, үнэн зөв мэдүүлэг гаргах, холбогдох байгууллагуудын хяналтыг хүлээн авах зэрэг үүрэг хүлээнэ. Ихэнх цахим худалдааны платформууд нь гадаадын худалдаачдад дотоодын компаниудтай холбогдоход нь туслах үйлчилгээг санал болгодог.

Хятадад хууль ёсоор импортлох боломжтой бүтээгдэхүүний төрлийг жил бүр шинэчилж, хил дамнасан цахим худалдааны жижиглэнгийн импортын барааны жагсаалтад ("CBECWhitelist") оруулдаг. Энэхүү жагсаалтыг хамгийн сүүлд 2022 оны эхээр шинэчилсэн бөгөөд Хятадын хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээтэй 29 шинэ бүтээгдэхүүнийг жагсаалтад нэмж оруулсан. 2022 оны цагаан жагсаалтад төрөл бүрийн хуурай хүнс, гоо сайхны бүтээгдэхүүн, хувцас, тавилга зэрэг 1476 нэр төрлийн бараа багтжээ.

Тэгвэл шинэ бодлого нь юугаараа онцлог байна

ХКН-ын 20-р их хурал болон өмнө нь гарсан монополын эсрэг арга хэмжээний хүрээнд Alibaba, Tencent цахим худалдааны компаниуд ЗЗ дээр дангаар ноёрхохоос илүү дунд шатны цахим худалдааны компаниудыг олноор хөгжүүлэхэд төр анхаарч дэмжлэг үзүүлэх болж, ЗЗ-ийг илүү олон оролцогчтой, олон сонголттой болгохоор ажиллаж байна.

2022 оны цагаан сарын дараа хөдөөгөөс хот руу ирж ажиллаж байсан 1.6 сая цагаач ажилчин хуучин ажилдаа эргэж очоогүй. Тэдгээрийн дийлэнх нь шинээр гарч ирж байгаа цахим худалдааны платформуудын худалдааны төлөөлөгч, борлуулагчаар гэрээсээ ажиллаж эхэлсэн. Гадаадын худалдаачид шинээр үүссэн худалдааны платформуудтай хамтран ажиллаж, өмнө нь цагаач ажилчин байсан хүмүүсээр бараа бүтээгдэхүүний сурталчлуулан худалдан борлуулбал Хятадын ЗГ-аас хил дамнасан цахим худалдааны туршилтын бүсүүдээр дамжуулан бараагаа оруулах боломж олгож, тусгай хөнгөлөлтүүд үзүүлэхээр болсон.

Ерөнхийдөө  Хятадын ЗГ иргэдийнхээ гадаадын алдартай брэндийн хэрэглээг таашаахгүй байгаа ч, хөгжиж буй орнуудаас орж ирэх гарааны бизнесүүдийн шинэ бүтээгдэхүүн дээр хөнгөлөлт үзүүлэхээ амлаад буй. Энэхүү боломжийг манай улс хил дамнасан цахим худалдаа хөгжүүлэлтийн тинк танк байгуулах замаар ашиглах учиртай.

Хятадын хөгжлийн шинэ бүсүүд ба Монголын боломж

Дээр дурдсанчлан Хятад мужуудынхаа хөгжлийн зөрүүг арилгах зорилт тавьсан. Тэрхүү зорилт нь 2017 оноос хойш эрчимтэй хэрэгжиж буй бөгөөд 2022 оны эхний хагас жилийн дүн мэдээг харвал манай улсын хилээс холгүй орших Ниншиа хотон үндэстний өөртөө засах улс буюу товчоор Ниншиа муж энэ оны 1, 2-р улиралд хамгийн өндөр өсөлтийг үзүүлсэн байна.

Хятад улсын хэмжээнд авч үзвэл оны эхний хагаст хамгийн өндөр ДНБ-ий өсөлтийг харуулсан эхний таван муж нь Ниншиа 5.3%, Шаньси 5.2%, Шинжаан 4.9%, Зянши 4.9%, Төвд 4.8% байв. Ниншиагийн ЭЗ-ийн нийт бүтээгдэхүүн үндэсний ДНБ-ий жагсаалтад онцгой байр суурь эзэлдэггүй ч 2010-2020 оны хооронд Ниншиагийн ДНБ 139% өссөн нь Хятадын төв болон баруун бүс нутгуудын дунд шинэ хар морь болон тодрон гарч ирнэ гэдгийг илтгэнэ.

Сүүлийн 5 жилд Ниншиагийн үндсэн хөрөнгөд оруулсан нийт хөрөнгө оруулалт ¥1 их наяд буюу $148.2 тэрбум давжээ. Ниншиа мужид нүүрснээс шингэн түлш үйлдвэрлэх дэлхийн хамгийн том төсөл болох Central Photovoltaics-ийн 50GW монокристалл цахиурын төсөл, Runergy-ийн фотоволтайк материалын төсөл зэрэг хэд хэдэн томоохон төслүүд хэрэгждэг. 2021 онд Ниншиагийн бараа бүтээгдэхүүний импорт экспортын нийт хэмжээ $3.2 тэрбумд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 73.4% нэмэгдэж, өсөлтийн хурд нь тус улсад 2-рт орсон байна. Бүс нутгийн иж бүрэн ЭЗ-ийн түншлэл хүчин төгөлдөр болсноор Ниншиагийн импорт, экспортын хэмжээ 2022 оны 1-р улиралд $1.8 тэрбум хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 70.1% өсөж, өсөлтийн хурд нь Хятадад мөн л 1-рт жагслаа. Харин Өвөр Монголын ДНБ энэ оны эхний хагаст 4.3% өсжээ.

Зөвхөн Ниншиа мужийн жишээгээр авч үзэхэд Хятадын төв, баруун, зүүн хойд мужуудаа хөгжүүлэх бодлогын хүрээнд манай улсын хил дагуух болон зэргэлдээх мужууд нь ойрын 10 жилд үсрэнгүй хөгжиж далайн эргийн дагуух өндөртэй хөгжилтэй 5 мужийн 2010 оны ДНБ-ий хэмжээнд дийлэнх нь хүрэхээр байна. Энэ нь маш их хэмжээний эрчим хүчний нүүрс, төмрийн хүдэр, жонш зэрэг уул уурхайн бүтээгдэхүүний эрэлтийг үүсгэж, түүхий эдийн үнэ дагаж өсөхөөр байна.

Гуаньдун, Жиансу, Шандун, Жөжян, Фүжиан зэрэг далайн эргийн мужийн аж үйлдвэрийн паркууд руу далайгаар тээвэрлэн ирж байсан Австрали, Индонезийн нүүрс дахин газраар тээвэрлэгдэн Ниншиа, Шинжаан, Ганьсу, Өвөр Монгол, Цинхай мужууд руу хүрсэн ч тээврийн үнийн зөрүү нь манай улсын авто зам, төмөр зам хосолсон тээврээр тус мужууд руу экспортлох нүүрсний өртөгтэй өрсөлдөх боломжгүй.

Оросууд Манжуураар дамжуулан Хар мөрөн, Ляонин, Жилин, Хэбэй рүү нүүрсээ экспортолж болох ч өмнө дурдсан мужууд руу хүрэхийн тулд илүү урт тойрог замыг туулах сонголттой тулна. Магадгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Ши Жиньпин даргын урилгаар айлчилсан төрийн албан ёсны айлчлалын Хятадын талын улс төр, эдийн засгийн гол тооцоо нь Монголд хойд болон барууны мужууд, Орост зүүн хойд мужуудын нүүрсний импортыг хуваан өгөх явдал байсан биз ээ.

Эцэст нь… Манай улс боомтын сэргэлтийн бодлогоо бүрэн хэрэгжүүлж, гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалсан бизнесийн орчноо сайжруулан Э.Оюун-Эрдэнийн ЗГ, ХЗДХ сайд Х.Нямбаатарын зарлаад буй нүүрсний хулгайтай хийх тэмцэлдээ ялбал зөвхөн нүүрсээр дамжуулан ирэх 2 жилд үлэмж хэмжээний валют олж болох боломж нээгдээд байна. Ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд яригдсан жилд Хятад руу 40-70 сая.тн нүүрс экспортлох урьдчилсан тохироо бол энэ удаад төрийн айлчлал бүрийн хүрээнд яригддаг хуурай яриа, манай талын гуйлт төдий биш бөгөөд Хятадын хойд, баруун мужуудад Монголын нүүрс зайлшгүй хэрэгцээтэй хөгжлийн түүхий эд болоод байна.

Монголчууд бид өвөр хоорондоо бүлэглэн тэмцэлдэж байх хооронд Хятадын шинээр хөгжиж буй манай хил дагуух мужууд руу нүүрс экспортлох 10-хан жилийн боломжоо бусдад алдахгүй байхсан. ХКН-ын 20-р их хурлын бас нэг том шийдвэр 2035-2050 оны хооронд Хятад түүхий нүүрс шатааж эрчим хүч гаргахаас шат дараатай татгалзах гэдгийг санаж явууштай...

 

 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.