Д.Амарбаясгалан: Нүүрс ямар арга замаар алдагдав гэх асуудал Засгийн газрын анхаарлын төвд орсон
2022-11-30 15:49:00
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нүүрсний хулгайн асуудалтай холбоотойгоор тайлбар мэдээлэл хийлээ.
Тэрбээр, "Цар тахлын үед жилд улсын хилээр гарсан нийт нүүрсний хэмжээ 6-7 сая тонн нүүрс хэмээн яригддаг. Гэтэл ийм хэмжээний нүүрс хулгайд алдагдаж гарсан эсэхэд эргэлзээ байна. УИХ-аас гарсан ажлын хэсэг, хууль хяналтын байгууллага хяналт шалгалт явуулж байгаа. Мөн Засгийн газар давхар хяналт шалгалт явуулж байна" гэв.
Нүүрсний хулгайтай холбоотой хоёр асуудал байгаа гэдгийг тэрбээр мөн мэдээлсэн юм.
Тодруулбал, Нүүрсний хулгай 2017 оноос хойш яригдаж байгаа. "Эрдэнэс Тавантолгой" компани орон нутгийн "Тавантолгой" компанийн хооронд зөрүү үүссэн. Үүнийг дагаад их хэмжээний нүүрс алдагдсан байх эрсдэл үүсжээ. Энэ нүүрс ямар арга замаар алдагдав гэдэг асуудал Засгийн газрын анхаарлын төвд орсон. Хууль хяналтын байгууллагууд ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа. Үүний ул мөрөөр ЦЕГ-ын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх нэгж дээр нүүрсний хулгайн асуудал шалгагдаж байгаа ба асуудал эцэслэгдэн шийдвэрлэгдээгүй байна.
Түүнчлэн нүүрсний тээвэртэй холбоотой үүсэж буй олон нийтийн дунд үүссэн эргэлзээ байгаа юм. Улс төрчид тээврийн үйл ажиллагааг эрхэлж байна гэдэгтэй холбоотой янз бүрийн хардалт сэрдэлт гарч ирж байна. Үүнийг богино хугацаанд ил тод болгож, олон нийтэд мэдээлэх ажил явагдаж байна. Нөгөө талдаа дугаар нь өөрчлөгдсөн, хоосон гэж мэдүүлсэн хэрнээ нүүрс ачиж гарсан асуудал хүртэл үүнийг дагаад бий болж байгаа. Уг асуудалтай холбоотой хяналт шалгалтын үйл ажиллагаа хууль хяналтын байгууллагуудад явагдаж байгаа.
Улс төрчдийн зүгээс гааль болон холбогдох хил орчимд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллагуудын оролцоотой хийгдсэн гэх хардалтууд их яригддаг. Үүнийг хууль хяналтын байгууллага эцэслэн шийдвэрлэсний үндсэнд шийдэгдэх байх гэж Засгийн газрын зүгээс харж байна гэв.
Мөн нүүрсний хулгайтай холбоотой асуудлаар Ерөнхий сайдад Улсын ерөнхий прокуророос албан хүсэлт ирүүлжээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.